Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэдэн жилийн өмнө хэлсэнийг үгчлэн нэг сануулаатахая. Тэрбээр нэгэнтээ “Чөлөөт зах зээл байхгүй гэж би ойлгож байгаа юм. Миний баримталж байгаа бодлого шүү. Яагаад гэвэл би Засгийн тэргүүн. Хүссэн хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг тэр зах зээл байхгүй болсон”. Яг үгчлэн буулгахад ийм байна. Бичлэг нь цахимд байж байна.
Өдгөөн Ерөнхийлөгч маань Ерөнхий сайд байхдаа ийнхүү өгүүлж байжээ. Өчигдөр Ерөнхийлөгчийн маань амин найз Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр хэлж байх юм. “Махны үнэ хямдруулж, үнэ барих ямар нэгэн зохицуулалт хийхгүй. Эрэлт нийлүүлэлтийн зарчмаар явна” гэж эрс хэлээд жишимгүй сууж байна даа. Энэ бол мөнөөх У.Хүрэлсүхийн хэлж асан “Төрийн зохицуулалттай зах зээл байна” гэсэнтэй нь шууд зөрчилдөж байна. Тэр үед У.Хүрэлсүх мах, тэр дундаа стратегийн чанартай хүнс, бусад бүтээгдэхүүний асуудлыг хөндөж байсан байх. Угаас дэлхий тэр чигтээ үндсэн хүнсний үнээ тэгж зохицуулдаг, тэгж барьдаг зүй тогтолтой, бодлоготой байна. Олон орон үр тариагаа зохицуулахаас эхлээд ингэж асуудлаа зохицуулдаг номтой ажгуу. Гэтэл Ерөнхийлөгчийн найз, Монголын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн бөгөөд Тэргүүн Шадар сайд ингэж хэлээд сууж байх нь ямар үзүүлэлт болохыг ард түмэн ёс махандаа дэнсэлж л байна.
ЖҮД-гийн зээлээр үхрийн аж ахуйтай болсон, тэр тусмаа махны чиглэлийн үхэр үржүүлдэг Ж.Энхбаяр ингэж хэлэх нь дэндүү тохуутай байгаа юм л даа. Н.Учралын Засгийн газрын бас нэгэн Шадар сайд Т.Доржханд нь “Тахиа идтүгэй, монголчууд минь, тийм сонголт буй “ гэж айлдсан. Ерөнхий сайдын хоёр орлогч Шадар сайд нь ингээд хэлээд сууна гэдэг гутамшигтай бус уу. Тал хөндий дүүрэн мал бэлчсэн, бэлчээрийн доройтолд нэн өртөөд байгаа орон шүү дээ. Ерөнхий сайд Н.Учрал “Чөлөөлөе” аяныг явуулж байгаа. Ерөөс дарамтаас л чөлөөлнө гээд байгаа хэрэг. Гэтэл энэ Засгийн газар махны талаар бол “Чөлөөлөлт хийхгүй юм байна” гэж ойлгогдож байна. Яагаад гэвэл Н.Учралын Засгийн газрын Шадар сайдууд нь тэгж хэлээд байна шүү дээ. Тэгж ард түмнээ доорд үзэж, тохуурхаж байна, дээрэлхэж байна. Бас нэгэн Шадар сайд Н.Номтойбаяр нь бол бараг Урагвай, Австралиас махаа авч идэх чинээний хүн.
Ерөнхий сайд Н.Учрал “Ид шид бүтээхгүй” гэдэг хориглолтын үгтэй болоод үүнийгээ ихээхэн хэлэмтгий болсон. Махан дээр л ёстой тэгж хэлмээргүй байна шүү Ерөнхий сайд Н.Учрал аа. Махны үнэн дээр харин ч ид шид үзүүлж, Монголын ард түмэндээ ядаж таван долларын мах идүүлмээр байна аа. Ж.Энхбаяр мөн л хэлж байна лээ. Цалин тэтгэвэрээ тавих ч хэцүүдэх төлөвтэй гээд, З.Мэндсайхан гэдэг сайд нь бол ерөөсөө нэг тийм “Байхгүй, болохгүй, чадахгүй” гэсэн эвэр хар хошуутай хүн байх.
Засгийн газрыг ийм байгаасай гэж ард түмэн лавтайяа хүсэхгүй байгаа. Засгийн газар шиг Засгийн газар баймаар байна аа ,Н.Учрал Ерөнхий сайд аа. Эс тэгвэл огцрох ойрхон, огцруулахын зүй тогтол улс төр дээрээ бүрэн өрөөтэй байж байгаа. Махан дээр л лав У.Хүрэлсүхийн нэгэнтээ хэлсэнчлэн “Төрийн зохицуулалттай зах зээл” баймаар байна.
З.НОМУНТӨГӨЛДӨР
Сэтгэгдэл үлдээх