Насанд хүрээгүй охинтой бэлгийн харилцаанд орсоны улмаас хорих ялаар шийтгүүлжээ

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 122.1 Хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн бол ... гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл өсвөр насны хүүхдүүд тухайн хуулийн заалтыг мэдэхгүйн улмаас гэмт хэргийн хохирогч, гэмт хэрэгтэн болох явдал гарсаар байна. Үүний нэг жишээ бол өчигдөр /2017.04.26/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 17 настай хүү дээрх заалтаар нэг жилийн хорих ялаар шийтгүүллээ. Тэрээр ЕБС-иа төгсөөд цагдаа болох хүсэлтэй байжээ. Харамсалтай нь хуулийн мэдлэг дутмаг, эрх зүйн боловсрол олгодоггүй ч ялладаг төрийн тогтолцооны хохирогч болон амьдралын түүхэндээ “шоронд” сууж байсан гэх хар толботой болж байна.
Ийн учир өсвөр насны хүүхдүүдэд хууль, эрх зүйн анхан шатны мэдлэгийг зайлшгүй олгох шаардлагатай байгаа юм. Тиймээс www.tug.mn сайтаас ЕБС-ийн 8-12-р ангийн сурагчдад хууль, эрх зүйн анхан шатны боловсрол олгох “Ертөнц” төслийг хэрэгжүүлж байна.
Болсон явдлыг сийрүүлбэл, 2016 оны зургадугаар сард Нийслэлийн дугаар сургуулийн наймдугаар болон арванхоёрдугаар ангийн сурагчид бэлгийн харилцаанд орсон аж. Тухайн үед хохирогч Н нь 14 нас 8 хоногтой байжээ.
Тэд фэйсбүүкээр харилцдаг байсан бөгөөд тэр өдөр ч мөн ялгаагүй фэйсбүүкээр холбогдон уулзжээ. Шүүхэд өгсөн мэдүүлэгт Г, Н хоёр нь нэг нэг найзаа дагуулж ирсэн бөгөөд хамтдаа буудал орж хөзөр тоглон, хоёр литрийн пиво хувааж уусан байна. Харин тэд унтахаар хэвтэх үед Н-ийн мэдүүлснээр Г нь хүч хэрэглэсэн гэх боловч үүнийг Г өгсөн мэдүүлэгтээ үгүйсгэжээ. Гэхдээ хүчирхийлсэн эсэх нь тухайн хуулийн заалтанд хамаарахгүй бөгөөд хоёулаа харилцан тохиролцоод бэлгийн харилцаанд орсон ч ял шийтгүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэгддэг тул ийнхүү нэг жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Судалгаанаас харахад 16 хүртлэх насны охидын 80 орчим хувь нь бэлгийн харилцаанд орсон байдаг аж. Үүнээс үзэхэд өдий хэмжээний гэмт хэрэгтэн байгаа гэсэн үг юм. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд хууль, эрх зүйн анхан шатны мэдлэг боловсролыг олгож байх тал дээр БСШУСЯ анхаарлаа хандуулах цаг нь болжээ.
Хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас болж ирээдүй болсон хүүхэд, залуучууд маань аавын хаалга татаж, тэнд “хүмүүжиж” байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр гэмт хэрэг үйлдсэний дараа хорих ялаар шийтгэж байхаар урьдчилан сэргийлэх үүднээс хууль, эрх зүйн мэдлэг олгож байх нь чухал байна.
Т.Сайхан
Сэтгэгдэл үлдээх