Дэлхий нийтэд ялангуяа хөгжиж буй орнуудад хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдол нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болдог. Хүрээлэн буй орчин хар тугалгаар бохирдсоноор хүн амын эрүүл мэнд ялангуяа зургаа хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий болох нь тогтоогдсон. Энэ нь тухайн насны хүүхдийн бие махбодийн эрхтэн тогтолцооны хөгжил, зан үйлтэй холбоотой. Хар тугалга нь цус, зөөлөн эд (бөөр, ясны чөмөг, элэг, тархи), эрдэсжсэн эд (шүд, яс) эрхтэнд хамгийн түрүүнд тархдаг бөгөөд хар тугалганд хордсоноор харгис хэрцгий болж сэтгэцэд нь нөлөөлдөг. Тэгвэл эл аюул нийслэлийн маань хажууханд нүүрлэчихээд байх магадлал өндөр байна. Дархан цаазат Богд хан уулын бэлд эрсдэл дагуулсан эл үйлдвэр үйл ажиллагаагаа явуулсаар байх зөв үү. Ямартай ч “Гамшгийн эсрэг үндэсний төв”, “Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн” болон БЗД-ийн 11 дүгээр хорооны иргэд, аккумлятор задлан хайлуулдаг “Заламт гол” ХХК-ийг нүүхийг шаардаж байна.
Г.Нямдаржаа:Дүүрэг нь яамныхаа гаргасан шийдвэрийг биелүүлэх нь бүү хэл, мэддэггүй
/“Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч/
-Байгаль орчны яамнаас энэ сарын 10-ны өдөр аккумлятор задлан хайлуулдаг “Заламт гол” компанийн үйлдвэрийг Богд хан уулын дархан цаазат газар буюу Туул

голын сав газраас нүүлгэн шилжүүлж, тухайн газар нутаг дээр амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарах шийдвэр гарсан. Мөн байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа нөхцөлийг сэргээж хуучин хэвэнд нь оруулах шийдвэр гарсан. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу яамнаас чиглэл өгчихсөн. Гэтэл одоо болтол дүүрэг нь яамны шийдвэр гарсныг мэдэхгүй явж байна.
Ж.Ганбаатар:Шинжилгээний хариу зөрүүтэй гардаг
/Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн тэргүүн/
-Хар тугалга гэдэг хүнд металл. Гэтэл өнөөдөр тус компани хүнс хөнгөн үйлдвэрлэл явуулах зөвшөөрлөөр хүнд металл үйлдвэрлэж байна. Технологийн бус үйлдвэрлэл явуулж, гар аргаар аккумлятор боловсруулаад сууж байна. Орчинд нь амьдарч байсан айл өрхүүдийн төл ургийн гажигтай төрдөг болсноос хотоо харлуулж байна. Тухайн бүс нутгаас удаа дараа шинжилгээ авсан. Хөрсний дээжээс авсан шинжилгээний МХЕГ-ын хариу хоргүй гараад, Геологийн төв лабориторид өгч шинжлүүлсэн нь хортой гарсан.

Тиймээс тухайн орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллага энэ асуудлаар ОУ-ын байгууллагад хандсан. ХБНГУ-ын Их сургуулийн болон Японы "Маясаки" их сургуулийн эрдэмтэд ирж шинжилгээ хийхэд БЗД-ийн 11 дүгээр хороо буюу Хонхор орчимд хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс давж, 11000 хүрсэн тухай дүгнэлт гаргасан. Мөн үйлдвэрийн хажуугийн хашаанд байдаг айлын 8-14 насны гурван хүүхдийн цусанд нь хар тугалга илэрсэн. Хамгийн том аюул нь энэ. Арван хэдхэн настай хүүхэд савны хорт хавдар тусч байна. Ойр орчмын мал амьтан үхэж байна. Тухайн үйлдвэр дээр 700 мянган тн хар тугалга боловсруулж хилээр гаргасан байгаа. 400 мянган ширхэг аккумлятор боловсруулсан гэсэн үг. Нэг ширхэг аккумлятороос 500 гр хүчил гардаг. Өнөөдөр манайд тэдний хэлж байгаа аккумляторын хүхрийн хүчлийг дахин боловсруулах технологи байхгүй. Монгол орны газар нутаг дээр энэ нөхрийн гайгаар хэдэн тонн хүхрийн хүчил, хаашаа орчихоод байна вэ. 200 мянган тонн хүхрийн хүчлийг бид хаанаас олох ёстой вэ гэж асуумаар байна.
Т.Батцэнгэл:Эрүүл саруул хүүхдүүд маань өвчнөөс салахаа байлаа
/Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч/
“Заламт гол” ХХК ажиллаж эхэлснээс хойш эрүүл саруул байсан гурван хүүхэд маань өвдсөн. Компанийн зүгээс

хотын утаа, агаарын бохирдлоос болсон гээд байгаа. Хоёр гурван жилийн өмнө хотын утаа тэнд яригддаг ч үгүй байсан. Хүүхдүүдээ өвдөөд эхлэхээр олон ч газар шинжилгээ өглөө. Анх хүүхдүүдийн маань хамраас их хэмжээний цус гоожиж, дотор нь муухайрч эхэлсэн. Их цус алдсанаас болж толгой нь өвдөж, битүү хавагнасан. Одоо болтол хүүхдүүд маань ээлжилж өвдөөд үнэхээр хэцүү байна. Ганцхан манайх ч биш, хордож байгаа хүн, мал олон бий. Энэ компани үйлдвэрлэлээ явуулж, бидний үр хүүхэд хордсоор л байх юм уу. Салбарын яам нь шийдвэр гаргаж нүүхийг шаардсан ч нүүхгүй байна.
Ц.Ууганбаяр:Хордлого байхыг үгүйсгэхгүй ч манайд хамаагүй
/Заламт гол” ХХК-ийн захирал/
-Манай компаний тусгай зөвшөөрөлтэй, стандарт нормын дагуу үйлдвэрлэлээ явуулдаг. Зарим зүйлий

г тодруулахад, манай үйлдвэр баригдаагүй байхад зөвшөөрөлгүй хүмүүс аккумуляторын шингэнийг хөдөө хээр асгаад гадагш нь экспортолдог байсан. Харин бид хууль ёсн
ы зөвшөөрөлтэйгөөр, стандартын үйлдвэр байгуулан татвараа төлөөд ажиллаж байгаа. Өөр бусдын үйл ажиллагаанаас болж байгаа явдлыг надтай холбож, хүн, мал үхсэн хэрэгт намайг буруутгаж, онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байна. Би энэ талаар шүүх, холбогдох байгууллагаар шалгуулна.
Д.Батжаргал:Улс төр хийхээ зогсоох хэрэгтэй
/Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн/
Хоосон шантааж хийж, улс төр хийхээ зогсоох хэрэгтэй. Хэрэв энэ үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох юм бол жилдээ гарч байгаа хаягдал 1000 тонн аккумуляторыг яах юм бэ. Монгол Улсад 600, 700-аад мянган тээврийн хэрэгсэл байдаг. Тэр хэрээр хаягдал аккумулятор гардаг. Монголд ганцхан байгаа “Заламт гол” ХХК-ийн үйлдвэр нь аюултай хог хаягдал болох хүхрийн хүчлийг саармагжуулж эцсийн бүтээгдэхүүн болгоод “Эрдэнэт” компани руу нийлүүлдэг. Байгалийн баялгаа гадагш нь гаргадаг компани биш.
Мэргэжлийн хяналтын газрын хийсэн шинжилгээний хариу ХБНГУ-ын Их сургуулийн болон Японы "Маясаки" их сургуулийн эрдэмтийн шинжилгээний хариу яагаад зөрөв. Хүн төрөлхтний түүхэнд хар тугалганы хордлогод хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй харуусам ч багадам хар түүх цөөнгүй бий. Бид хэн нэгнийг өмөөрч эсвэл буруутгах гэсэнгүй. Гагцхүү хайхрамжгүй хандлага Хонхор нутгийнхныг Хонгорынхон шиг байдалд оруулчих бий вий дээ гэж эмзэглэн эл нийтлэлийг илгээлээ.
Э.Бат-Уянга
Сэтгэгдэл үлдээх