Орон сууцны найман хувийн зээл буюу ипотекийн зээлийн асуудлаар Монголбанкнаас хэлэлцүүлэг зохиолоо. Гэвч хөтөлбөрийн санхүүжилт багассаны улмаас зээл хүлээгдэж, хүртээмж нь буурсан зэрэг асуудлууд тулгараад буй. Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш нийт дөрвөн их наяд төгрөгийн зээлийг 90 мянга гаруй зээлдэгчид олгожээ. Харин иргэдийн зүгээс банкууд найман хувийн зээл олгохгүй байна гэсэн гомдол, шүүмжлэл тасрахгүй байгаа юм. Энэ талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.
Д.Ган-Очир: Ипотекийн зээл үргэлжилж байгаа
/Монголбанкны судалгаа, статистикийн газрын дарга/
-Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна уу?
-Үргэлжлэхийн хувьд үргэлжилж байгаа. Арилжааны банкууд өөрсдийнхөө дотоод эх үүсвэрийг ашиглаад тухайн зээлийг гаргаад явж байна. Арилжааны банкууд манай банкаас авсан 25 тэрбум дээр нэмээд нийт 40 орчим тэрбум гаргасан. Арилжааны банкны олгосон 20 тэрбум төгрөг нь манай банкаас олгох санхүүжилтээс суутгагдаад явна.
-Зээл үргэлжилж байгаа ч жаахан удааширалтай байгаа юм байна, тийм үү?
-Хуримтлагдчихсан байгаа учраас түрүүлээд авах, шинээр анкет өгч байгаа хүмүүс хүлээгдэж байгаа асуудал байгаа байх. Өнөөдөр бид, ипотекийн зээл цаашид ямар хэлбэрээр явах, Засгийн газар руу шилжинэ гэвэл ямар хэлбэрээр шилжвэл зохистой вэ зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Ажлын хэсэг дээр яригдсаны дараа шийдэл нь гарна. Зээл хүсэгчид хуримтлагдчихсан байгаа учраас арилжааны банкууд гэрээтэй барилгын компаниудаас нь орон сууц худалдаж авсан тохиолдолд зээл өгч байх шиг байна. Монголбанкнаас олгож байгаа санхүүжилтийн дүн буурсантай холбоотойгоор, тэр дүнг нэмэгдүүлэхийн тулд хэлэлцүүлэг хийж байна.
Б.Лхагвасүрэн:Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа
/
Монголбанкны Дэд ерөнхийлөгч/
-Ипотекийн санхүүжилт багасч, хүртээмж буурлаа гээд байгаа. Танай банкны зүгээс ямар зохицуулалт хийж байна вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн зээлийн санхүүжилт тогтвортой явж ирсэн нь Монголбанк дийлэнхийг нь санхүүжүүлж ирсэнтэй холбоотой. Өнөөдрийг хүртэл дөрвөн их наяд төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлсний гурван их наяд нь Монголбанкны эх үүсвэр байсан бол нэг их наяд төгрөгийг нь арилжааны банкууд гаргасан. Нөгөөтйэгүүр Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа. Монголбанкны зүгээс ипотекийн зээлийг Засгийн газар санхүүжүүлж, үргэлжлүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байна. Учир нь орон сууцны санхүүжилт бол олон нийтийг хамарсан, ард түмний амьжиргааг дээшлүүлэхтэй холбоотой асуудал.

Гэвч Монголбанкны мөнгөний бодлоготой энэ асуудал нийцдэггүй. Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкыг орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрт манлайлан оролцох нь зайлшгүй зүйл биш гэж зөвлөж байна. Тиймээс бид 2018 оноос эхлээд ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөрөөс гарах болзол хүлээж авсан.
-Иргэд зүгээс банкууд найман хувийн зээл олгохгүй байна гэж бухимдаж байна?
-Өмнөх дөрвөн жилийн туршлагаас харвал сардаа 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж байж зээл хэвийн, дараалалгүй үргэлжилнэ. 2017 оны хувьд Монголбанк ипотекийн зээлийн төлбөрийг эргэж санхүүжилт хэлбэрээр гаргаж байгаа. Харин 2018 оноос улсын төсвөөс санхүүжилт нь хийгдэхээр болсон. Одоо өгч буй сар бүрийн 25 тэрбум төгрөг хангалттай санхүүжилт биш учраас эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь ойлгомжтой. Энэ асуудлаар шийдэл олохоор Монголбанк, Сангийн яам, Барилга, Хот байгуулалтын яамтай ярилцаж байна.
Д.Должинсүрэн:Барилгын санхүүжилтийн эх үүсвэр “харагдахгүй” байна
/“Тэнхлэг зууч” ХХК-ийн Гүйцэтгэх захирал/
-Ипотекийн зээл цаашид тогтвортой үргэлжлэх боломжтой юу?
-Хамгийн гол нь санхүүгийн хүртээмжийн асуудал. Бодлого хэрэгжүүлэлтийн зүгээс ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Өмнөх жилүүдэд сард багадаа 40-90 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгддэг байсан бол одоо 20-30 тэрбум байгаа нь өмнөх олгож байсан зээлийнхээ гуравны нэгтэй тэнцэж байгаа юм. Мөн Монголын Ипотекийн корпорациас өгч байгаа мэдээллээр гаргах бондын хэмжээ нь нэлээн багассан. Товчхондоо санхүүжилт хэцүүхэн байна.
-Одоогийн орон сууцны зах зээлийн үнэ ямар байна вэ. Цаашдын төлөв ажиглагдаж байна уу?
-Дөрөвдүгээр сарын байдлаар шинэ орон сууцны дундаж үнэ 1 м.кв нь 2 сая 30 мянган төгрөг, хуучин орон сууц буюу 2000 оноос өмнө баригдсан бол 1 м.кв нь 1 сая 760 мянган төгрөг байна. Товчхондоо, эрэлт бага, нийлүүлэлт их байна. Хэдийгээр эрэлт байгаа ч зээлийн санхүүжилт дээр хүлээгдэж байна.
-Ннийлүүлэлт их байгаа юм чинь орон сууцны үнээ буулгах боломжгүй юм уу?
-Орон сууцны үнэ сүүлийн саруудад тогтвортой байна. Барилгын компаниуд үнэ бууруулах боломжгүй гэдэг. Барилгын материалын өртөг өндөр, борлуулалт удааширсан учраас зээлийн хүү, үйл ажиллагааны зардал өссөн. Бас ханшийн савалгаанд өртсөн нь барилгын салбарт сөргөөр нөлөөлж байна.
Сэтгэгдэл үлдээх