ЭЦЭГ, ЭХчүүддээ хандан хайртай хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө орой бүр утсаар тоглуулах бус харин үлгэр ярьж, үлгэрээр дамжуулан хүмүүжүүлэхийг уриалж байна.
БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн шинэ коронавирусын (“2019-nCoV) халдвар дэлхийн олон оронд бүртгэгдэж, ДЭМБ-аас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэнийг зарласан. Манай улс ч мөн гамшигаас хамгаалсан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, бүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод буй.
Тэгвэл хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд, яг одоо танай хүүхэд гэртээ юу хийж байгаа бол... Магадгүй гар утсаараа тоглоом тоглож, элдэв бичлэг үзэж, эсвэл зарим нь телевизийн өмнө хөдөлгөөнгүй суугаад ҮНЭТ ЦАГаа дэмий үрж байгаа юм биш биз. Хэрэв тийм бол ТА яг одоо болиулаарай. Учир нь гар утас үзэх, компьютер тоглоомоор тоглох, дэлгэц удаан ширтэх нь ТАНЫ БАЛЧИР ҮРийн эрүүл мэндэд маш хор хөнөөлтэй гэдгийг эрдэмтэд баталжээ.
Энэ тухай цөөн хэдэн баримт дурдахад:
• Шведийн Леннарт Харделл нарын эрдэмтэд ХҮҮХЭД гар утсыг чихэндээ хэт ойр байлгах нь тархины хавдартай болох эрсдэлийг нэмдэг болохыг тогтоожээ. Учир нь гар утасны цахилгаан соронзон туяа нь хүүхдэд илүү хор хөнөөлтэй бөгөөд тархины яс нь нимгэн учраас эсүүд олноороо хуваагдан өсөлт эрчимтэй явагддаг гэжээ.
• ХБНГУ-ын эрдэмтэд мөн л хүүхэд тэр дундаа бага насны хүүхдэд гар утас хэрэглүүлэх нь маш муу үр дагавартай гэдгийг баталжээ. Иймээс тус улсын Орчин ба байгаль хамгааллын холбооноос “Нийтээр хүүхдэд гар утас хориглох” сэрэмжлүүлгийг гаргасан байна. Тус байгууллагын хийсэн судалгаагаар гар утас нь хүүхдийн тархийг хөгжихөд сөрөг нөлөөтэй нь тогтоогджээ.
• Манай улсын хувьд ч ялгаагүй гар утасны хор хөнөөл БАЛЧИР ҮРСЭД асар том аюул заналхийлэл болоод эхэлсэн тухай эмч нар ярьж байна. Энэ тухай ганцхан жишээ дурдахад сүүлийн жилүүдэд харааны бэрхшээлтэй хүүхдийн тоо эрс нэмэгджээ. АШУҮИС-ийн нүд судлалын тэнхимийн багш Б.Өнөдэлэгийг ярьснаар “Харааны болон нүдний эмгэгүүд ихсэх хандлагатай байгаа. Хүүхдийн харааг хамгаалах нь зөвхөн нүдний эмч нарын ажил биш. Нийтийг хамарсан, нийгмийн асуудал. Үүнд эцэг, эхийн оролцоо чухал. Аливаа нүдний өвчин хараа муудах байдлаар илэрдэг. Гэтэл бага насны хүүхэд хараагаа муудаж байгааг мэддэггүй. Тиймээс багад нь, сургуульд орохоос нь өмнө хүүхдээ нүдний эмчид үзүүлэхгүй бол хараа сулрах, цаашлаад сохролд хүргэх аюултай. Мөн эмчлэхэд хүндрэл учруулдаг. Энэ нь нөгөө л гар утас, телевизтэй холбоотой” гэжээ.
• Хүүхэд төрөхдөө гэрэл мэдрэх хараатай төрдөг. 2-4 сартайгаас эхлэн тогтоож харах, нийлүүлж харах процесс аажимдаа хөгжиж эхэлдэг. 5-6 настайд нийт харааны 70-80 хувь тогтдог. Гэтэл яг харааны чадвар хөгжиж байх энэ насанд нь ухаалаг утас таблет хэрэглүүлэх, удаан хугацаанд дэлгэц харуулах нь маш их хор нөлөөтэй гэдгийг Хараа зүйн эмч нар мөн анхааруулжээ.
• Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сард 0-18 насны 300 гаруй хүүхэд ирж үзүүлдэг бөгөөд тэдгээрийн 40-50 нь хэвтэн эмчлүүлдэж ажээ. Эмч нарын ярьснаар хүүхдүүдийн ихэнх нь сэтгэл зүйн асуудалтай бөгөөд үүнд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн тоонд компьютер буюу цахим хэрэглээ оржээ.
Иймээс аав, ээж та яг одоо гэр бүлийнхээ балчир гишүүдэд анхаарал хандуул. Хөл хорио тогтоосон энэ хугацаанд хүүхдэдээ тавих анхаарлаа улам бүр нэмээрэй. Гэртээ очоод бяцхан үрсдээ ҮЛГЭРИЙН НОМ уншиж өг. Бага байхдаа аав, ээжээрээ үлгэр яриулдаг байсан шигээ үр хүүхдүүддээ ч бас ном уншиж, үлгэр яриарай. Ингэснээр таны хүүхдийн тархи илүү хурдан хөгжиж, сурлагадаа ч амжилт гаргана. Энэ тухай бас нэг сонирхолтой жишээ хүргэхэд Японы эрдэмтэд аав ээжийнхаа үгийг сондоггүй, аль нэг хичээлдээ тааруухан сурлагатай хүүхдүүдийг нэг бүлэг болгоод туршилт хийжээ. Ингэхдээ хүүхдүүд ямар хичээлдээ муу байхаас үл шалтгаалан байнга сонирхолтой зүйлс уншуулж, тэр талаар нь ярилцаж байсан аж. Хоёр сарын дараа гэхэд туршилтад орсон хүүхдүүдийн сурлага эрс сайжирч, зургаан сарын дараа жирийн хүүхдүүдийн түвшинд очсон аж.
Эцэст нь, ном унших нь оюун ухаан, тархийг тэлж, хөгжүүлэхэд нөлөөлдөг хамгийн том фитнесс. Тиймээс Та хүүхдэдээ орой бүр ҮЛГЭР уншиж өгөөрэй. Та ҮЛГЭРЧ аав ээж болсноор хүүхдийнхээ сэтгэн бодох, аливаа юмыг хүлээж авах чадварыг хөгжүүлэхээс гадна соёл иргэншлийн зуунд мартагдаж буй ёс уламжлалыг сэргээж, түүгээрээ үр хүүхдээ хүмүүжүүлж байна гэсэн үг.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ЭЦЭГ, ЭХчүүддээ хандан Аав, ээж та хүүхдүүдтэйгээ тогло, хүүхдүүдтэйгээ ярилц, хүүхдийнхээ өмнө зөв үлгэрлээрэй гэж уриалж байна.
Сэтгэгдэл үлдээх