Худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 төрлийн үйлчилгээг цахимаар олгодог болно

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр тус төслийн дэд төсөл болох “Онлайн бизнес төв” төслийг холбогдох албаныханд танилцууллаа.

Авлига, хүнд суртлыг бууруулах, замын түгжрэл, төвлөрлийг сааруулахад мэдээллийн технологийн шийдлийг ашиглах, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх, нийслэлтэй холбоотой тендер, худалдан авах үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох гэсэн үндсэн таван зорилтын хүрээнд “Нэг тархи-Нэгдсэн систем” төсөл нь хэрэгжиж буй. Тэгвэл “Онлайн бизнес төв” дэд төсөл нь нийслэлийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг ил тод, нээлттэй болгох, авлига, хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх систем юм.

Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 42 байгууллага 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Үүнээс үйл ажиллагааны эрх олгох чиглэлээр нийт 97 үйлчилгээ бий. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас эхний ээлжид дүүргүүдээс үзүүлдэг хамгийн өндөр эрэлттэй үйлчилгээ болох  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 нэр төрлийн үйлчилгээг цахимаар олгохоор төлөвлөжээ.

Эдгээр 55 төрлийн үйлчилгээг уламжлалт хэлбэрээр авахын тулд 7-12 төрлийн цаасан бичиг баримт, дөрвөн төрлийн гэрээ, 20 гаруй албан тушаалтны гарын үсэг цуглуулдаг. Тэгвэл дээрх олон шат дамжлага, бүрдэл материал бүхий зөвшөөрлийн хүсэлтийг цахимд шилжүүлснээр 4-6 төрлийн баримт, 1-2 гэрээг цахимаар бүрдүүлдэг байхаар зохицуулжээ.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Өнөөдөр танилцуулж буй төсөл нь нийслэлд үйл ажиллагаа эрхлэхэд авдаг тусгай зөвшөөрлийг хүнд сурталгүй, цахим хэлбэрээр олгох зорилготой. Гагцхүү иргэдээс хоёр төрлийн бичиг баримт л шаардана. Тодруулбал, галын дүгнэлт, мэргэжлийн хяналтын бичгийг бүрдүүлсэн тохиолдолд цахим хэлбэрээр хүсэлтээ илгээн, тусгай зөвшөөрлөө авах юм. 2022 онд нийслэлээс олгодог тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байна. Уг систем нэвтэрснээр уламжлалт хэлбэрээр авдаг тусгай зөвшөөрлийн хугацааг 1-2 дахин бууруулах боломжтой болно” гэв.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь хуульд зааснаас бусад зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагааг цуцлах, цэгцлэх, хүнд суртал, шат дамжлага бий болгож байгаа захиргааны актуудыг хүчингүй болгох, өөрчлөх талаар санал боловсруулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцуулах ёстой. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Төрийн үйлчилгээг ухаалаг, иргэдэд ээлтэй хүргэх зорилтын хүрээнд хоёр шатны ажил явагдаж байгаа. Нэгдүгээрт, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил. Үүнд “Онлайн бизнес төв” төсөл ч багтаж байгаа юм. Хоёрдугаарт, шаардлагагүй зөвшөөрөл, хүнд суртал бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох юм.  Ажлын хэсгийн зүгээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, бизнесийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, саналыг нь сонсож байгаа. Эдгээр саналыг нэгтгэн, холбогдох шийдвэрийн төсөлтэй хамт Хотын даргад танилцуулна” хэмээв.

“Онлайн бизнес төв” төсөл бүрэн хэрэгжсэнээр 2022 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд,  аж ахуйн нэгж байгууллагууд Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран 100 хувь цахимаар авах боломжтой болно.           

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Uxnyvk

order lipitor 10mg online cheap <a href="https://lipiws.top/">buy atorvastatin medication</a> lipitor 40mg drug