УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн бага дүү Н.Очгэрэл болон түүнийг гишүүн болоход нь аймгийн Засаг даргын үүргийг хүлээн авч түр орлон гүйцэтгэж байсан С.Мөнхбаяр нарыг “нүүрсний хулгай”-н хэрэгтэй холбогдуулан 30 хоног саатуулах шийдвэр гарч, өдгөө 20-иод хоногийг өнгөрүүлээд байна.
Нүүрсний хулгайн гэх хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий хэд хэдэн гишүүдийг хууль хяналтын байгууллагаас яллагдагчаар татан шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас гаргаад байгаа юм.
Тэдний дунд “Өмнөговийн засаг дарга байснаараа л хэлмэгдэж байна” хэмээн гомдол мэдүүлээд байгаа УИХ-ын гишүүн Н.Наранбаатар багтсан.
Тэгвэл түүнийг нүүрсний хэрэгтэй холбоотой байж болох хэд хэдэн нотолгоог хууль хяналтын байгууллага тогтоож, түүний ээжийн ажиллуулдаг “Эко төв” гэх үйлчилгээний газар болон бусад хамаарал бүхий газруудад шалгалт оруулжээ.
Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК, “Хостамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК зэрэг уул уурхай, нүүрс тээврийн компаниудыг эзэмшдэг байна.
Мөн УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Пүүшин” ХХК-ийг татан буулгаж, оронд нь “Жавхлант орд ” гэх уул уурхайн компани байгуулсан асуудлаар мөн холбогдуулан шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл үлдээх