УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж байхад айхгүй ч гэсэн аягүй гэгчээр хуулийнхан тэр дундаа цагдаа, шүүгч, прокурор, өмгөөлөгчид хуульдаа захирагдан ажилладаг байлаа. Тус алба нь хуульчдын буруу зөвийг шүүж, алдаа эндэгдэл гаргасан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гүйцэатгэх ажиллагаа явуулж, хэргийг шүүхээр шийдүүлдэг томоохон үүрэгтэй алба байв. Гэтэл өдгөө цагдаа нар нь мөрдөн байцаах ажиллагааны мэдээллээ хүссэн эх сурвалждаа задалж, шүүгч нар нь хэнд ямар ял оноохыг шүүх танхимд бус дуртай газраа шийддэг, хорих ангид цагдаа нар нь очиж хэн хүссэнээ дарамталж дэглэдэг байдал газар авав. Тус алба байсан бол өдгөө тэд ийн дур зоргоороо авирлаж чадахгүй байлаа. УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Ц.Галдаагийн шижигнэсэн залуус хуульчдын зүрхэнд шар ус хуруулж чаддаг байлаа. Гэтэл өдгөө энэ албыг татан буулгаснаар хэн дуртай нь дураараа авирлах болж, цагдаа, шүүхийн шийдвэр, шүүгч, прокуроруудын дунд албан тушаалын болоод авлигын хэрэгт холбогдох нь ердийн үзэгдэл боллоо. Энэ албыг сэргээхийг УИХ-ын гишүүд болоод хуульчид үе үе хөнддөг ч дэмжлэг авдаггүй. Саяхны чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх -оргил: Мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задлаад байгааг таслан зогсоох ёстой. Ийм тохиолдолд шууд сэтгүүлчийг буруутгаж болохгүй байна. Хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөд байгаа хүмүүсийг л тогтоох хэрэгтэй. Хавтаст хэргийн материалыг хэдхэн сэтгүүлч тэр чигээр нь гаргаж тавиад, улс орныг шуугиулдаг болоод удлаа шүү дээ. Тухайн мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцсон өчнөөндөн хүний хөдөлмөрийг ингэж баллаж, буруутай этгээд нь ял завших боломж бүрдүүлж байна. Ер нь яг энэ асуудлаар Хууль зүйн байнгын хороонд та мэдээлэл хийх хэрэгтэй. Нөгөө талаас хуулийнхан бие биеэ шалгаж чадахгүй, энэ ажлыг гацаагаад байгаа бол прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн шалгах албыг сэргээн байгуулах нь зүйтэй. Үүнээс гадна сүүлийн үед хууль зөрчөөд байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын талаар байнга ярих болсон. Ийм зүйлд холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцож, нэг тийш нь шийдвэрлэхгүй бол дараагийн үедээ муу үлгэр дуурайл үлдээгээд байна. Гэхдээ хуулийнхан маань ажлаа хийж чадахгүй болтол эрх зүйн орчныг нь чангалчих вий гэдгийг бас бодолцоорой. Ямар ч тохиолдолд цагдан хорьж, баривчилж болдоггүй байдалд оруулчихгүй анхаараарай гэв.
Бас нэг ноцтой мэдээлэл яригдсан нь урьдчилан хорих төвд саатуулсан хүмүүсийн 90 хувийг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 24-72 цаг түүнээс ч удаан хугацаагаар саатуулсан байв. Гэмт хэрэгт сэжиглэж саатуулсан тохиолдолд ар гэр болоод өмгөөлөгчид нь тэр даруйд зайлшгүй мэдэгдэх ёстой. Энэ үүргээ ч мөрдөн байцаагчид умартсан байв. Эрүүгийн хуулийг ид хэлэлцэж байгаа энэ үед хуулийнхантай холбоотой ноцтой баримтууд ийн ар араасаа сөхөгдсөөр. Энэ бүхнээс УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг зайлшгүй сэргээх цаг болсныг харуулж байна. Эс бөгөөс хуулийн нэр барьсан дур зоргоороо авирлагчид, авлигачид олширсоор, иргэдийн эрхийг гишгэлсээр байх нь ...