Монгол Улс балчир үрсдээ дэндүү халгаатай улс юм. Учир нь, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үдийн хоолны мөнгийг нэмээд өгөөч гэхээр мөнгөгүй гэдэг. Өдгөө сурагчид сургуулийнхаа Үдийн хоолноос авах ёстой калори, илчлэгээ авч чадахгүйгээс тураалтай хүүхдийн тоо нэмэгдэж, өдөр ганц мантуун бууз, хар цайгаар голоо зогоож байна. Хүүхэд өдөрт хангалттай хэмжээний шим тэжээл авч чадаагүйн улмаас тураалд орж, хүүхдийн өсөлт хөгжил зогсох, байнга сульдах, ядрах гэх мэт шинж тэмдэг илрэхээс гадна алсдаа ямар нэгэн суурь өвчтэй болох магадлал өндөр байдгийг мэргэжлийн эмч нар хэлдэг. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиуд жилийн гурван улиралд хичээллэдэг бөгөөд 6-18 насны хүүхдүүд өдрийн ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг. Боловсролын яамнаас гаргасан судалгаагаар, нийт сурагчдын 40 орчим хувь зөвхөн сургууль дээрээ л халуун хоол иддэг. Энэ нь өдөрт авах ёстой илчлэгийнх нь ердөө 50 хувийг хангадаг гэсэн судалгаа бий. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сурагчдын 70 хувь нь өглөө хоосон ходоодтой хичээлдээ ирдэг. Хоосон ходоодтой хүүхдийн тархи ажилладаггүй, сурах идэвх бага” байдаг тухай хэлсэн. Үдийн хоолноос хүүхдүүдийн эрүүл мэнд, биеийн хөгжил, анхаарал төвлөрөлт, аливааг хүлээж авах байдал зэрэг олон асуудал хамаардаг. Тиймээс хүүхдийн 100 мянгын 50 мянгыг хүүхдийнхээ хоолонд зориулах уу, хоолны мөнгөний тал хувийг эцэг, эхчүүдээс нь гаргуулах уу ямартай ч, тодорхой нэг шийдэлд хүрэхгүй бол хүүхдүүд маань тархины болоод биеийн тураалтай болоод дууслаа.
Технологийн энэ эринд гар утасны хэрэглээ зайлшгүй хэрэгцээтэй. Гэвч хүүхдүүд гар утсанд хэт донтох үзэгдэл газар авчээ. Хүүхдүүд 3-4 цагаас илүү гар утас ашиглавал донтолт гэж үзнэ гэдгийг мэргэжлийн эмч хэлж байна. Хүүхдүүд хичээлээс гадуурх чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомсоос болж, гар утсаараа хоорондоо холбогдох, тоглох, дуртай зүйлсээ үзэх зэргээр цагийг өнгөрүүлж байна. Тиймээс өнөөгийн хүүхдүүд гар утсанд донтох болж, гар утсаа олон цагаар үзсэнээс болж хараа муутай, сэтгэл зүй нь тогтворгүй болж өсөж байна. Дээр нь эцэг, эхийн хараа хяналт муугаас өдөр шөнөгүй гар утсаараа тоглосноос болж хий зүйл харах, төсөөлөх болж, сэтгэцэд нь өөрчлөлт орж буйд эмч нар анхааруулж, халагласаар байгаа юм.
Цаашлаад өвлийн улиралд бяцхан үрс маань хорт утаагаар амьсгалж байна. Учир нь, утаан дахь хорт бодис хүнд учир дороо тунадаг. Тухайлбал, газарт нэг метрт хорт бодис тунаж үлддэг бөгөөд үүгээр нь бага насныхан амьсгалдаг байна. Ялангуяа бага ангийн сурагчид болоод цэцэрлэгийн балчир үрс маань үүгээр амьсгалах нь элбэг байдаг учир холбогдох газраас бага насны хүүхдээ тэвэрч яв гэдэг зөвлөмжийг өгдөг. Тэр бяцхан уушгиар хорт бодис амьсгална гэдэг мэдээж уушгийг гэмтээж, ирээдүй маань хатуухан хэлэхэд уушгины өвчлөлд нэрвэгдсэн, харааны бэрхшээлтэй, тураалтай,сэтгэцийн эмгэгтэй болж өсөж байна. Ийм бүхэл бүтэн үе, ирээдүй өнөөдөр бий болж байна гэдэг үнэхээр харамсалтай.