Авлигын дагнасан шүүхтэй болох асуудал намуудыг талцуулж, АН-ынхан МАН сөрөг хүчнээ намнах, хонгил руу чирэх том механизмыг ажиллуулах нь. Үүнийхээ түлхүүрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид бэлэг болгон өгнө хэмээж буй. Гол нь УИХ-ын сонгуулийн өмнө МАН сөрөг хүчнээ энэ хаалгаар оруулж, намнах нь хэмээн АН эсэргүүцэж буй. Эрх баригч намынхан ч өөрсдөө үүнд болгоомжтой хандаж, авлигын дагнасан шүүхийн шүүгчид чинь авлигад өртөхгүй гэсэн баталгаа бий юу. Мэдлэг, ур чадвар нь хүрэх үү гэдэг асуудлыг хөндсөн. Авлигатай тэмцэх газрыг анх 2009 онд байгуулсан. Энэ цагаас хойш тус газар авлигатай жинхэнэ утгаараа тэмцэж ирсэн учраас мөрдөн байцаагчид нь мэргэшсэн. Дагаад прокурорууд ч мэргэшсэн гэдгийг АТГ-ын дарга З.Дашдаваа хэлж байна. Тэрбээр “Авлигыг мөрдөн шалгахад АТГ, прокурорууд ч мэргэшсэн. Одоо олон улсын жишгээрээ дагнасан шүүхээр шийдвэрлүүлбэл авлигатай тэмцэх ажилд том ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаа” гэв.
Мөрдөн байцаагч, прокурорууд нь өнгөрсөн хугацаанд мэргэшсэн гэхэд эцсийн шийдвэрийг гаргах, бусдын хувь заяаг дэнслэх, алх цохих шүүгчийн ур чадвар, мэдлэг хүрэх үү гэдэг анхаарал татна. Хууль зүй,дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гэмт хэрэгтнүүд ов мэх залиндаа гаршиж, харин манай мөрдөгч, прокурор, шүүгчид 10-20 жилээр хоцорч явааг хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр “Сүүлийн үед гарч байгаа хэргүүд улс орон дамнасан, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой, гадаад улс орнуудад данс нээсэн, үл хөдлөх авсан, байршуулсан зэрэг ердийн гэмт хэрэг илрүүлдэг арга ажиллагаагаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй болж байгаа. Мөрдөгч, прокурорууд болоод хэргийг шийдвэрлэж байгаа шүүгчийн ур чадвар нөгөө цагаан захтнуудынхаа ухаанаас хэдэн арав, хорин жилээр хоцорсон байна. Гэмт хэрэгтнүүд ухаантай болоод байна. Эрх мэдэлтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сүлжээтэй байгаад байна. Үүнийг шийдэх гэж байгаа анхан шатны шүүгч нь ердийн танхайн хэрэг гэх мэтийг шүүдэг шүүгч байгаад байдаг. Тийм учраас ер нь ийм шүүгчийн бүрэлдэхүүнтэй, ийм тогтолцоотойгоор бид авлигачдаа намнаж дийлэхгүй“ хэмэн хүлээн зөвшөөрсөн билээ.
Үнэндээ саваа бэлдээгүй байж саалиа бэлдэхийн үлгэр юун. АТГ-ын мөрдөн байцаагчид мэргэшсэн юм гэхэд прокурор, шүүгчдээ мэргэшүүлээгүй, тэд нь хэдийгээр шүүгчээр 10-20 жил ажилласан гэж байгаа ч авлигын жижиг хэрэг, танхай зодоон, залилангийн хэргийг шүүж байсан шүүгчид улс орон дамнасан, их мөнгөний, нарийн схем, зохион байгуулалтай хэргийн үнэн мөнийг олж, авлигад автахгүйгээр шүүж чадах уу. Тэгээд ч УИХ-ын гишүүн Б:Цогтбаатар “ Авлигын шүүх авлигажихгүй гэх баталгаа байна уу хэмээн ам асууж байх вэ. Үнэндээ л, авлигын дагнасан шүүх байгуулснаар прокурор, шүүгчид нь хил дамнасан зохион байгуулалттай, нууц, далд их мөнгөний, улс төртэй сүлбэлдсэн авлигын томоохон хэргийн учрыг олж, хужрыг тунгаан авлигад өртөхгүйгээр шүүж чадах уу. Үнэндээ л гологдоно. Санаа нь байвч сачий нь хүрэхгүй гэдэгчлэн мэдлэг, ур чадвар нь дутна гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч байна.
Сэтгэгдэл үлдээх