Парламент 126 гишүүнтэй болох анхны сонгуулийг ирэх жил хийнэ. Тодруулбал, УИХ Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 126 гишүүнтэй болох өөрчлөлтийг хийсэн. 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох юм. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойрог, мандат, товыг тогтоохоор заасан ч эрх баригчид энэ онд багтаан сонгуулийн тойрог болон товыг тогтооход санал нэгдсэн байна.
Харин өдгөө жижиг бус том тойргоор сонгуулийг явуулах хэрэгтэй гэдэгт эрх баригч нам болоод бусад нь санал нэгдээд байгаа. Жижиг тойргоор сонгууль явуулбал мөнгөтэй, тойргоо услах нэрийдлээр сонгогчдыг авлигадсан сүлжээ бий болгосон улстөрчдөд л ашигтай. Энэ нь зөв хүн сонгогдох боломжийг хаахаас гадна мөнгө тарааж сонгогдох, царцааны сонгууль хийх боломжийг нээж өгдөг бөгөөд аймаг дүүргээ өмчилсөн эрхмүүдэд давуу талтай юм.
2020 оны сонгуулийг гэхэд л томсгосон тойргоор олон мандаттайгаар явуулсан. Тэгвэл ирэх жилийн сонгуулийг үүнээс том буюу бүсчилж байгуулах саналыг Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганы индэр дээрээс хэлсэн юм. Тэрбээр “Сонгуулийн тойрог тодорхой болоогүй байхад УИХ-д нэр дэвших санаатай нөхөд мөнгө тараагаад эхэлчихсэн байна. Тиймээс сонгуулийн тойргоо томсгомоор байна. Жижиг тойргийн зовлонтой явсаар байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Хөгжлөө ч маргааш нь нэг нөхөр гарч ирж попроод улс орны эдийн засгийг нураана. Тэгэхээр хэт жижиг тойрог байж болохгүй. Одоо байгаа тойргоо томсгомоор байна. Тухайлбал, баруун аймгуудаа нэг тойрог болгох хэрэгтэй. Ингэж тойргоо томсговол зам харилцаа, эрчим хүч, хил боомтын асуудлууд шийдэгдэж, томоохон хөрөнгө оруулалтуудыг ч шийдэх бололцоотой. Сонгуулийн тойргийг тогтоохдоо бүсчилсэн хэлбэрээр тогтоож байж улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ. Тэгэхгүй бол өнөөдрийн жалга довны үзлээр бие бие рүүгээ дайрч давшилсан улс төр хол явахгүй ээ. Тойрог тогтоох асуудал УИХ-ын бүрэн эрх. Тиймээс энэ асуудлаа шийдмээр байна” гэсэн юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар түүний саналыг дэмжсэн. Тэрбээр “Уг асуудлыг цагийг нь тулгаж байгаад шийдэх биш одооноос хэлэлцэж эхлэх нь зүйтэй. Тулгаж байгаад шийдэх нь эрх барьж байгаа нам эвслийн саналаар шийдэх магадлалтай. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намуудаас санал авч, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалдаа нийцүүлж тойрог томсгох асуудлыг арванхоёрдугаар сардаа хэлэлцэхээр тов тогтооё. Тойрог тогтоох асуудалд намын бүлгүүд, улс төрийн намууд, саналаа нэгтгэж, Төрийн байгуулалтын байнгын хорооноос саналаа оруулж ирэх ёстой. Сонгуулийн тойргоо зөв тогтоохгүй бол мөнгөний, авлигажсан сонгууль болно. Тиймээс нэг мөсөн томоохон өөрчлөлт хийх нь зөв” гэв.
Үүнээс харахад эрх баригч нам сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоохоор санал нэгдсэн бололтой. Хэрвээ сонгуулийн тойргийг бүсчилж тогтоовол баруун, зүүн, төв, хангай, Улаанбаатар гээд таван тойрогтой болно. Сонгуулийн бүсчилсэн тойргийн талаар СЕХ "2001 онд Монгол Улсыг бүсчилж төв, хангай, баруун, зүүн, Улаанбаатар гэж тав хуваасан байдаг. Яг энэ байдлаар сонгуулийн тойргийг хуваах эсэхийг Их хурал шийднэ. Хэрвээ энэ бүсчлэлээр сонгуулийн тойргийг хуваавал хэтэрхий өргөн цар хүрээг хамарна. Тухайлбал, зүүн бүс гэхэд улсын хойд хилээс урд хил хүртэлх нутаг дэвсгэрийг хамардаг" гэсэн юм. Ямартай ч эрх баригч нам тойрог томсгох асуудлыг арванхоёрдугаар сардаа багтаан хэлэлцэхээр болж, авлигажсан сонгууль болохоос зайлсхийж, нэг хөдөлснийх томоохон өөрчлөлт хийгээд авъя хэмээн шуударлаа.