Дүүрэг болоод хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал хэрээс хэтэрч, томуу томуу төст, өвчний өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Нэн ялангуяа таваас доош насныхан богино хугацаанд хатгаа болж байгаа нь эцэг, эхчүүд болоод эмч нарын сэтгэлийг зовоож буй юм.
Эмнэлгүүдэд халуурсан, бөөлжсөн, ханиасан, уйлж ярагласан хүүхдээр дүүрч, эмч нарын хүн хүч хаанаа ч хүрэлцэхгүй байгаа энэ үед ЭМДЕГ-аас гаргасан нэгэн журам давхар бухимдуулж, эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцтгэлээрээ санхүүждэг болсон нь давхар давхар ачаалал, стресс нэмээд байна. Тус журамд нэг эмч нэг өвчтөнг 10 минут үзэхээр тодорхой заасан ба энэ талаараа 300 үгтэй тэмдэглэл бичих шаардлагатай аж. Им дампуу шийдвэр гаргаж, үзлэгийн хатуу цаг зааж, тэмдэглэл бичих үгийн тоог хүртэл зааж байгаа нь үзлэгийн чанарыг сайжруулахад тустай гэсэн зүйлийг ЭМЯ-ныхан хэлж суугаа. Гэтэл бодит амьдралд 300 үгтэй тэмдэглэл бичиж суухын оронд нэг ч гэсэн өвчтэй хүүхдийг үзчих хугацаа алдаж буй юм.
Эмч өвчтэй хүүхдийн эцэг, эхээс асуумж авах гэж арван минут болно. Хамгийн хошин нь шинж тэмдэг, хэзээнээс ханиасан, халуурсан гээд бүх зүйлээ а, б-гүй ярьж өгөхөд л зургаан минут. Гэтэл эмч цаана нь дөрвөн минут үлдлээ. Та өөр юу санаж байна гэхчлэн ээрнэ. Халуунтай хүүхдээ тэвэрсэн ээж өмнөхөө давтан ярина. Ийм маягаар эмч нь журмаа дагаж асуумжаа авч даатгалаас мөнгөө авахыг хичээнэ, эцэг, эхчүүд богино хугацаанд хүүхдээ үзүүлэн эмчилгээнд нь оруулахыг яарна. Эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээрээ санхүүжиж, хэдэн хүнд ямар тусламж үйлчилгээ үзүүлж байна, тэр хэрээрээ мөнгөө авдаг болсон. Болхи энэхүү шийдвэрээ эргэж харахгүй бол, эмч нарыг ч буруутгах хэцүү.
Даатгалаас хийснээрээ санхүүждэг болсон нь том шинэчлэлт хэмээн бахархаад байсан журам чинь бодит амьдралд эмч, эцэг, эхчүүдийг бухимдуулсан, цаг, нервийг нь барсан ажил болоод байна. Цаг минут харж өвчтэй хүүхдээ үздэг, бичих тэмдэглэлийнхээ үгийг тоолоод суудаг. Энэ хэзээний арга барил вэ. Урагшлахаас илүүтэй ухрах нь их эрүүл мэндийн ссалбарт энэ мэт дөнгө огт хэрэггүй баймаар. ЭМДЕГ, ЭМЯ энэхүү журмаа эргэн харж, яаралтай засаж залруулахгүй бол эмч нар алтан цагаа асуумжид зарцуулж, эцэг, эхчүүд 300 үгтэй зохиолын санаанд ээрэгдэн суух боллоо.