Долоо хоног бүрийн даваа гарагт парламентад суудалтай МАН, АН-ын бүлгүүд, мягмар, лхагва гарагт УИХ-ын ажлын хэсэг болон Байнгын хороодын хуралддаг, пүрэв, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болдог товтой. Гэтэл энэ долоо хоногт намын Бүлгүүд ч, Байнгын хороод ч, чуулган ч ирц хүрэлцээгүйн улмаас нэг нь ч товлосон өдөр, тогтсон цагтаа хуралдсангүй. Мөн Төрийн ордон энэ долоо хоногт ажин түжин өнжлөө.
Сураг тавибал, гишүүдийн зарим нь УИХ-ын сонгууль ойртсоныг далимдуулан тойргийнхоо сонгогчдод бэлэг тарааж, азтан шалгаруулж, тал засаж яваа бол зарим нь хорт утаанаас дайжин гэр бүлтэйгээ шинэ оныг дулаан оронд угтахаар зорьж, дор бүртээ л хувийн ажлаа амжуулж яваа аж. Буцах хүнд үнээ тугал нийлэхийн ялгаа юун гэгчээр УИХ-ын гишүүдэд ирэх сонгуульд яажшуухан дахин нэг сонгогдох вэ гэсэн бодол ээрч, өөрийг бодох сөхөөгүй яваа. Юун хууль батлах, ажлаа хийх.
Тэгээд ч төрийн түшээдийг чуулганы хуралдаанд, Байнгын хорооны хуралдаанд суусангүй гэж УИХ-ын дарга л зэмлэхээс өөрөөр хариуцлага тооцох субъект үгүй. Тиймдээ ч ийн төрийн ажлыг цалгардуулж, хаячихаад хувийн ашиг сонирхлоо дээгүүрт тавьж, “Намайг хэн хэлэхийн” үлгэрээр тааваараа явцгааж байна. Ямар сайндаа УИХ-ын дарга камерийг дээш өлийлгөн, чуулганы танхимаа хоосон гэж харагдуулахгүйн тулд элдэв арга сэдэж суух вэ.