МУСГЗ, бурханч лам Г.Пүрэвбатыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд эцсийн замд нь үдлээ.
Ганхүүгийн Пүрэвбат 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын соёл, урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон юм. Г.Пүрэвбат нь 1965 онд Төв аймгийн Борнуур сумын Ганхүүгийн долдугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр 1974-1981 онд ерөнхий боловсролын дунд сургууль, 1981-1985 онд Дүрслэх урлагийн сургууль, 1987-1990 онд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургууль, 1990-1993 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дармасалад Бурхан урлалын сургуулийг тус тус төгсөж, буддын шашны урлах ухааны чиглэлээр мэргэшжээ.
Г.Пүрэвбат 1985-1986 онд Монголын Урчуудын эвлэлийн хороонд Монгол зургийн зураач, 1993-2010 онд Гандантэгчэнлин хийдийн Монголын уламжлалт урлахуй ухааны дээд сургуулийн захирал, 2006 оноос хойш өнөөг хүртэл Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байлаа. Тэрээр 1994 онд Монгол түмний их шүтээн Мэгжид Жанрайсэг бурхныг бүтээн залах ажилд зөвлөхөөр, 2006 онд Монголын Үндэсний Радио, Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр, 2006 оноос Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж, монголын уламжлалт урлаг, гүн ухаан, шашны үнэт зүйлийг сэргээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үйлсэд өөрийн авьяас чадвар, мэдлэг ухаанаа дайчлан ажиллаж байсан нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн байлаа.
Г.Пүрэвбат 2001 онд Гандантэгчэнлин хийдийн Дашчойпэл дацанд буддын шашны гүн ухааны “Гэвш” цол, 2016 онд “Монголын бурхны шашны урлахуйн ухааны тогтолцоо болон хөгжлийн хэтийн төлөв үнэлэмжийн асуудал” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ. Тэрээр Монголын Буддын шашны томоохон зүтгэлтнүүдийн мутрын болон дэг сургуулийн бүтээл хийгээд буддын шашны урлах ухааны чиглэлээр том жижиг 20-иод ном бүтээл бичиж туурвисан эрдэмтэн, олон зуун оюутан залуучуудад эрдмийн зам мөрийг заан сургасан багш хүн байлаа.
Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей зэрэг томоохон музейн сан хөмрөг дэх буддын шашны бурхан шүтээний зүйлсийг таньж тодорхойлох, бүртгэх, судлах, сурталчлах үйл хэрэгт сэтгэл харамгүй тусалж, тэдгээрийн үнэ цэнэт байдлыг өсөн нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм. Түүнчлэн, цар тахлын хүнд хэцүү цаг үед барьж байгуулсан Их эзэн Чингис хааны алдар нэрээр овоглосон “Чингис хаан” Үндэсний музейн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон, Монголчуудын барилга байгууламж барих уламжлалт мэдлэгийн дагуу шүншиг залах зан үйлийг удирдан зохион байгуулж, музейн чимэглэлийн бүхий л бүтээлийг урлан бүтээхэд зөвлөн тусалж байлаа.
Г.Пүрэвбатын Монголын соёл, урлагийг хөгжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж, 1996 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2003 онд Урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит шагнал, 2005 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж байв.