Говь-Алтай аймгийн удирдлагууд Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан сурагчдыг урамшуулах далимаар сургуулийн захирал, менежер, сумдын Засаг дарга нарыг урамшуулан хавтгайруулсан явдал олны шүүмжлэлийг хүртээд байна. Тодруулбал, өндөр оноо авсан сурагчид 3-5 сая, сурагчийг бэлдсэн багшид нэг сая, сургуулийн менежер, захиралд 5-7 сая, сумын Засаг даргад долоон сая хүртэлх төгрөг олгохоор болж, нийт 25 багшид 57 сая, 12 менежер, захиралд 118 сая, найман Засаг даргад 31 сая буюу нийт 400 сая төгрөгөөр урамшуулах санал гаргаж, дэмжсэн байдаг.
Хичээсэн сурагч болоод зааж сургасан багшид бол мэдээж урамшуулал өгөх нь зүйн хэрэг. Гэвч сургуулийн захирал, менежер, бүр цаашлаад Засаг дарга үүнд ямар оролцоотой, хамааралтай вэ. Хамгийн гол нь сурагчийг бэлдсэн багшид нэг сая төгрөг өгөх мөртлөө хаа хамаагүй менежер,захирал, сумын Засаг даргад хэд нугалж өгөх жишээтэй.
Төсвийн мөнгө уйлдаггүйн тод жишээ энэ юм. Нэг сурагчийг дагаад нэлээдгүй нөхөд хөлжих аргаа ийнхүү олчихжээ. Энэ явдалд олон нийт дургүйцэн, салбарынх нь сайд тайлбар хийсэн юм. Тэрбээр "Говь-Алтай аймагт үүссэн энэ асуудлыг мэдсэн. Орон нутгийн өөрийн төсвөөр захиран шийдэж байгаа асуудал учир орон нутаг өөрсдөө шийднэ. Хувийн бодлоо дурдвал шагналыг хамаагүй хавтгайруулж болохгүй. Элсэлтийн шалгалтын амжилт бол багш, сурагчдын хамтын ажиллагаа. Дарга нар өөрөө өөрсдийгөө хавтгайруулан шагнаж буй явдлыг ойлгоход хүндрэлтэй байна” гэв. Хэдийгээр орон нутаг өөрсдийнхөө төсвөөр шийдэж байгаа ч гэсэн энэ мэт байдал хавтгайрвал аймаг, сумын Засаг дарга, сургуулийн захирал менежерүүд амтшин сул урамшуулал авах сонирхол давамгайлна. Цаашлаад бусад аймаг, сумын удирдлагуудад халдварлахгүй гэх баталгаа байхгүй. Энэ мэт мөнгө завших аргыг соргог ажиглан хэдэн саяар нь өөрсдийгөө урамшуулж суугаа нөхдийг АТГ хараандаа авна байгаа. Нэг хүүхдийн хөдөлмөр нэжгээд хүний халаасыг дүүргэх бизнес болон хувирахвий.