Парламентын ардчилал, сонгодог парламентын төлвийг чухамдаа цогцлооно хэмээн олонтоо айлдсан спикер Д.Амарбаясгаланд зохих сорилтууд тулгарч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүн Ж.Баярмаад “Баярцогтын асуултад хариулая” хэмээсэн доромж хандлага гаргасан нь өдгөө Д.Амарбаясгаланд хариуцлагын далайлтаар, ажлын шахалтаар ирж байна.
Туршлагатай парламентчдын нэг Х.Тэмүүжин тов тодорхой үндэслэлийг түүнд тулгаж буй юм. Тэрбээр, юуны өмнө Д.Амарбаясалан Л.Оюун-Эрдэнийн зохисгүй авирлалыг тухайн үед таслан зогсоогоогүйгээрээ засаглалын эрэмбийг алдагдуулж байгаагаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь ихээхэн сонирхол татаж байгаа. Үнэн ч үндэслэл.
Парламент бол Ерөнхий сайдыг томилдог байгууллага. Энэ нэн тодорхой учир “эцэг” байгууллага өөдөө сөрвөлзсөн, түүний гишүүн, эд эсэд зөвгүй авирласны учир Л.Оюун-Эрдэнийг парламентын чуулганы танхимд уучлал гуйлгах ажлыг зүй ёсоор зохион байгуулах ёстой хэмээн Х.Тэмүүжин мэдэгдэж байгаа, АН-ын бүлэг энэ үйлдлийг эс хийвэл илүү үр дагавартай эсэргүүцлийг үзүүлэхээ Д.Амарбаясгалан даргад ачаа болгочихсон. Одоо Д.Амарбаясгалан намын даргаа, Ерөнхий сайдаа АН-ынхан,түүнчлэн Ж.Баярмаа гишүүнээс уучлал гуйлгах амаргүй бөгөөд ард нь гарахаас аргагүй асуудалтай ингэж тулгараад байгаа нь маргааш болох УИХ-ын чуулганы тахимаас харагдана.
Зарчмын энэ асуудалд Д.Амарбаясгалангийн хандлага, үйлдэл үзүүлэл ихээхэн чухал. Хамгийн наанадаж тэрбээр хэрхэн хөдлөх вэ гэдэг ч сонин. Ихээхэн ажиглалтыг нэгэнт бий болгочихоод байна. Гэвч, жинхэнэ эзэн, уучлал гуйх ёстой хэмээгдэгч Л.Оюун-Эрдэнэ хэрхэх вэ гэдэг бүр сонин байгаа юм. Яагаад Ж.Баярмаад бус, Баярцогтод хэмээн тэрбээр хариулсан бэ гэдэг өнцгийг шинжээд явахаар үүний цаана Ухаа худаг гэдэг орд, Баялагийн сан гэдэг зүйл л байгаа юм. Л. Оюун-Эрдэнийн үг бол Ухаа худагийг өгөхөө эсэргүүцсэн хүмүүсийн үгийг Ж.Баярмаа Баярцогтын зөвлөснөөр л хэлээд байна гэсэн бүрэн утгатай байгааг хэвлэлүүд задаргаалчихсан. Энэ үүднээс нь аваад үзвэл, шинжээд гаргавал Л Оюун-Эрдэнийн уучлал гуйна гэдэг учир мэдэх хүрээнд бүр их өөрөөр тайлбарлагдана. Л. Оюун-Эрдэнэ уучлал гуйхын ялдамд гээд бүр ч өөр өрөлт, нодготой улс төрийг үлдээж байж тун мэдэх. АН-ынхан, Х.Тэмүүжин нар Л. Оюун-Эрдэнээр уучлал гуйлгахыг шаардахын цаана хамгийн гол зүйл бол Д. Амарбаясгалангийн жинхэнэ мөн чанар, спикерийн бан, засаглалын хэм хэмжээний л асуудлыг түншин, түүнд иргэдээр, ард түмнээр оноо тавиулах онц зорилготой нь л хамгийн шилэх өнцөг мөн. Чухам энэ учраас л Д. Амарбаясгалан энэ уучлал гуйлгах ажлыг зохион байгуулах ёстой гэж хэлээд байгаа нь тийм учиртай, тийм үзүүртэй. Ер нь Д.Амарбаясгаланд олон сорилт тулгарна.
Саяхан гэхэд, УИХ З.Дашдаваа, Б.Жаргалсайхан нарыг Ерөнхий прокурор, АТГ-ын даргаар улираан томилсон. У. Хүрэлсүх, Л. Оюун-Эрдэнэ нарын санал болгосноор. Хэдийгээр тэдгээр хүмүүсийн субьектээс нэр дэвшүүлэгдэн УИХ-д орж ирсэн ч, түүнийг батлан дэмжиж байгаа явдал бол чухамдаа Д.Амарбаясгаланг спикерийн нь хувьд л, толгойлж байгаа төрийн эрх барих дээд байгууллагыг нь олон нийтэд илчилээд байгаа юм. Үнэн хэрэгтээ парламентын дэвшлийг, сонгодог төлвийг яриад байгаа Д.Амарбаясгаланд эдгээр хоёр томилгоо муу үнэлгээ тавиулсан. Түүний хэлээд байгаа шиг, хүсээд байгаа шиг, хүсүүлээд байгаа шиг үр дүн, ахицыг мөнөөх томилгоонууд ерөөс харуулаагүй юм. Маш товчхондоо Д.Амарбаясгаланг үнэмлэхүй хямдруулж харагдуулсан даа. УИХ, Д.Амарбаясгаланд нэгэн сорилт удахгүй тавигдана. Тэр бол Үндсэн Хуулийн Цэцийн дарга Г.Баясгаланг улираах уу, шинэ хүн томилох уу гэдэг асуудал. Энэ спикерийн цэвэр өөрийн нь эрхлэх асуудал. Түүний жинхэнэ үнэлгээ болох томилгоо. Д.Амарбаясгалан үүн дээр өмнөх шигээ, улираагаад л явчихбал чухам харин өөрийгөө дэгээднэ гэгч болно.
Өлгөнө гэгч болно. Гэвч Д. Амарбаясгалан тэгж хөнгөдөж болохгүйгээ, тэгж хямдарч болохгүйгээ мэдэхтэйгээ толгой. Яриад байгаа, хэлээд байгаа парламентын сонгодог чанар, үнэ цэнийг тодруулахын тулд Г.Баясгалангаас алд өндөр ёс зүйтэй, алд өндөр боловсролтой, алд өндөр хүлээн зөвшөөрөгдсөн, алд өндөр шинэчлэл хийх, алс хэтэд Үндсэн Хуулийн Цэцэд Д. Амарбаясгалан ийм нэг ачтай томилгоо хийсэн юм гэхээр өндөр томилгоог хийх ёстой юм л даа. Болдбаатарын Гүнбилэг гэдэг хуульч хэлээд л байгаа ардчилал, Үндсэн хуулийг асар өндөр ярьдаг ч , алхаж орсон шидэт байшингаас нь бөөлжис цутгам шийдвэрүүд гардаг гээд байгааг Д. Амарбаясгалан дарга эрхбиш дуулж, үзэж, сонсдог байлгүй дээ. Үндсэн Хуулийн Цэц үнэн цэнгэг боловсон хүчингүй болоод маш удлаа даа. Үндсэн Хуулийн Цэцийн томилгоо сарын дараа хийгдэнэ. Өмнө нь, одоо харин Д.Амарбаясгалан Л. Оюун-Эрдэнээр уучлал гуйлгаж чадах уу, яах нь уу, харцгаая даа.
Б.БАЯР
Сэтгэгдэл үлдээх