Will Smith-ийн алганы амттай Оскар

94 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслол ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Түрүү жил цар тахлаас үүдэн нэг л “амьгүй” болж өнгөрсөн Оскар өнөөдөр нижгэр сайхнаар барахгүй наргиантай, нанчилдаантай болов. Учир юу вэ гэвэл Америкийн нэрт комедиан Chris Rock “Шилдэг баримтат кино” төрлийн ялагчийг зарлахаар тайзан дээр гарах үедээ Will Smith-ийн эхнэр Jada Pinkett Smith-ийн талаар наргиа хэлж, улмаар “Шинэхэн ханхүү” маань олон сая үзэгчдийн өмнө, тайзан дээр Chris Rock-д алганы амт хүртээж орхив. Түүний энэ үйлдэлд гайхах нь гайхаж, бухимдах нь бухимдаж дуусаагүй байтал “Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин” төрөлд Will Smith ялснаар үзэгчдийн уур бухимдал улам нэмэгдэж хэдийнээ интернэтээр хүчтэй хэлэлцүүлэг өрнөж эхэлжээ. 

Олны танил эрхмүүдийн “Улаан хивсний” дүр төрх бол өнөөдрийн бас нэгэн онцлох сэдэв. Хувцас загвараар дамжуулан “тунхаглал” хийдэг зоримог одод ч энэ орой өмсөх хувцсаа тун болгоомжтой сонгодог гэдэг. 2022 оны зочид ч бас дэлхий нийтэд тулгамдаад байгаа олон асуудлыг бодолцож, ухаалгаар хувцаслажээ. Энэ орой Kirsten Dunst эх дэлхийд томоохон асуудал тариад байгаа “fast fashion”-ийг эсэргүүцэж аль 2002 онд урлагдсан хуучин даашинзаа гаргаж өмссөн бол “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшсэн “Хачин эмч” Benedict Cumberbatch Украйн улсын далбааг хослолынхоо энгэрт хатгажээ.