Нэн ховорт тооцогдох хөх өнгийн алмаазыг Швейцарийн Женев хот дахь “Christie's” ордонд болсон дуудлага худалдааны үеэр 40 сая гаруй ам.доллароор заржээ. Тодруулбал, бөгжинд суулгасан 17.61 каратын лийр хэлбэртэй “Bleu Royal” гэдэг алмааз чулуу 43.8 сая доллароор үнэлэгдсэн байна. “Christie's”-ийн мэдээлснээр, энэхүү үнэт чулуу нь дуудлага худалдааны түүхэн дэх хамгийн том, гоёмсог тод хөх өнгөтэй, өө сэвгүй эрдэнийн чулуу ажээ. 50 жилийн турш хувийн цуглуулгад хадгалагдаж байсан “Bleu Royal” алмааз буюу очир эрдэнийн чулуу анх удаа дуудлага худалдаагаар зарагдсан нь энэ юм. Christie's ордны мэдэгдэлд уг алмаазыг хамгийн ховор олдворуудын нэг гэдгийг онцолсон байна. “Christie's”-ийн дуудлага худалдаа явуулж ирсэн 250 жилийн түүхэнд 2010, 2014, 2016 онуудад 10 каратаас дээш жинтэй гурван ширхэг гоёмсог тод хөх өнгийн алмаазыг зарж борлуулж байжээ. Тухайлбал, 14.62 каратын “Oppenheimer Blue” 2016 онд 57 сая долларын үнэ хүрч байлаа. “Christie's”-ийн Женев дэх үнэт эдлэлийн тасгийн дарга Макс Фосетт мягмар гарагт болсон дуудлага худалдааны талаар ярихдаа, энэхүү алмааз нь 2023 онд дэлхий даяар зарагдсан эрдэнийн чулуунуудаас хамгийн үнэтэй нь байсныг онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл үлдээх