Met Gala 2024 ёслолын хүрээнд Метрополитен урлагийн музейд зохион байгуулагдах ээлжит үзэсгэлэн нь загварын 400 жилийн түүхийг хөндөхөөр болжээ. Энэхүү арга хэмжээгээр 17 дугаар зуунд англичуудын өмсдөг байсан хатуу корсетны үеэс эхлэн Филипп Лим, Стелла Маккартни, Коннор Айвс зэрэг 21 дүгээр зууны суут дизайнеруудын бүтээлийг онцлох юм. Ингэхдээ дахиж өмсөх боломжгүй эмзэг, гоо үзэсгэлэнтэй, түүхэн ач холбогдолт 50 орчим загварууд үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэхээр болсныг Vogue мэдээллээ. Met Gala хэзээ зохион байгуулагдах вэ? Met Gala уламжлалт ёсоор тавдугаар сарын эхний Даваа гарагт Нью-Йорк хотноо зохион байгуулагдана. Энэхүү цагийн хуваарь нь 2005 оноос хойш мөрдөгдсөн ч 2020 оны Met Gala цар тахлын улмаас цуцлагдаж, улмаар 2021 онд хойшлогдон есдүгээр сард товлогдож байсан удаатай. Тус арга хэмжээ нь “Нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд: Загварын сэргэн мандалт” сэдэв дор явагдахаар болжээ. Ингэхдээ “нойрсож буй гоо үзэсгэлэнгүүд” гэдэг нь үзэсгэлэнд тавигдах дахиж хэзээ ч өмсөх боломжгүй турьхан загваруудыг илэрхийлж байгаа юм. Тэдгээр түүхэн ач холбогдолт бүтээлүүдийг харин видео анимейшн, хиймэл оюун ухаан, CGI болон бусад хамгийн сүүлийн үеийн технологийн хөгжлийн тусламжтай хүмүүст илүү гүн гүнзгий ойлгуулахаар бэлтгэсэн болохоо Vogue сэтгүүлийн редактор Люк Лич хуваалцсан байна.
Сэтгэгдэл үлдээх