АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденг импичментийн асуудлаар шалгана

 АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Жо Байденд импичментийн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шийдвэрийг албажуулах тухай тогтоолыг лхагва гарагийн орой баталлаа.  Бүгд найрамдах намынхны /БНН/ хяналтад байдаг Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 221 нь уг баримт бичгийг дэмжиж, 212 нь эсэргүүцжээ. БНН-ын бүх гишүүн дэмжсэн санал өгсний дотор өмнө нь уг шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан Кен Бак ч мөн байлаа. Харин Ардчилсан намын бүх гишүүн эсэргүүцсэн байна. Төлөөлөгчдийн танхимын гурван хороо Ж.Байденыг АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэж буруутгаж байна. Гэвч тэд хууль бус үйлдлийг нотлох баримтыг хараахан гаргаж амжаагүй байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс мэдэгдэхдээ, өрсөлдөгчид нь өөр лүү нь худал хуурмаг зүйлээр түрий барин дайрч байна гэв. Мөрдөн байцаалт явуулах эрх олгох санал хураалт нь импичмент зарлахын төлөө санал өгөхтэй адил биш боловч ирэх оны эхээр Төлөөлөгчдийн танхим Ж.Байдены эсрэг импичмент зарлах магадлалыг нэмэгдүүлнэ. Ингэснээр Төлөөлөгчдийн танхимын санал хураалт, Сенатын шүүх хуралдаанд хүргэдэг импичментийн мөрдөн шалгах ажиллагаа нь Ерөнхийлөгчийн хувьд сонгуулийн жилийн ид дунд “толгойны өвчин” болж магадгүй юм.