Тейлор Свифтийн “Eras Tour” аялан тоглолт Гиннесийн дээд амжилт тогтоолоо

Америкийн дуучин Тейлор Свифт арванхоёрдугаар сарын 13-ны өдөр 34 насны төрсөн өдрөө тэмдэглэхийн өмнөхөн тэрбээр Гиннесийн дээд амжилтын эзэн болжээ. Тодруулбал, “Eras Tour” аялан тоглолт нь түүхэн дэх хамгийн их орлого олсон аялан тоглолт боллоо. Үүний зэрэгцээ нэг тэрбумаас дээш ам.долларыг орлого олсон анхны аялан тоглолт болжээ. Энэ оны гуравдугаар сараас эхэлсэн энэхүү аялан тоглолт үргэлжилсээр байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сард дуусах юм. Тиймээс нэг тэрбум ам.долларыг хэдийнээ олсон поп од ирэх оны энэ үе гэхэд одоогийн орлогоо хоёр дахин үржүүлэх төлөвтэй байна. “Eras Tour” дээд амжилт тогтоохоос өмнө Британийн дуучин Элтон Жоны “Farewell” аялан тоглолтоороо хамгийн их орлого олсон эрхмээр тодроод байлаа. Энэ оны эхээр дууссан “Farewell” 939 сая доллар олсон юм. Гэхдээ энэ тоглолт таван жилийн турш үргэлжилж, 382 удаа тоглогдсоныг дурдах нь зүйтэй. Харин “Eras Tour” ес хүрэхгүй сарын дотор дээр дурдсан амжилтыг үзүүлжээ.  Америкийн дуучин Бейонсе энэ оны 5-10 дугаар сард “Renaissance” аялан тоглолтоороо 579 сая долларын орлого олсноор хамгийн их орлого олсон эмэгтэй уран бүтээлчээр тодроод байсан юм. Түүнээс өмнө энэ цолыг Мадонна 14 жилийн турш эзэмшиж байжээ. Харин одоо Т.Свифтийн тоглолт Бейонсегийн амжилтыг эвдээд зогсохгүй Америкийн түүхэн дэх хамгийн том тоглолт болоод байна.