2014-2017 онд шинжилгээнд хамрагдсан 2500 хүүхдийн 97 хувийнх нь цус, шээснээс хуванцар илэрсэн талаар Германы Байгаль орчны яам болон Роберт Кох хүрээлэнгээс хийсэн судалгаагаар тогтоожээ. Германы долоо хоног тутмын “Der Spiegel” сэтгүүл 3-17 насныхны "Хүний биомониторинг"-д чиглэсэн судалгааны нэг хэсэг болох судалгааны үр дүнг нийтэлжээ. Шинжилгээний дээжээс 11 төрлийн хуванцрын ул мөр илэрсэн байна. Судалгааны зохиогчдын нэг Марике Колосса-Геринг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Хуванцар орцууд бие махбодид улам бүр нэмэгдэж байгааг тодорхой харуулж байна" гэжээ. Цэвэрлэгээний бүтээгдэхүүн, ус нэвтэрдэггүй хувцас, хүнсний сав баглаа боодол, хоол хийх сав суулга зэрэг хуванцарууд ихэвчлэн хүний биед шууд нэвчдэг байна. Судалгаанд хамрагдсан химийн бодисуудын зарим нь эрүүл мэндэд ямар ч аюул учруулахгүй ч судлаачид хүүхдийн биеээс олдсон перфтороктанойн хүчил (PFOA) өндөр түвшинд байгааг онцгойлон анхааруулж байна. PFOA нь наалддаггүй тогоо, ус нэвтэрдэггүй хувцас хийхэд ихэвчлэн ашиглагддаг. Германы Байгаль орчны яамны мэдээлснээр, химийн бодис нь нөхөн үржихүйн системд аюултай бөгөөд элгэнд хортой аж. Хуванцар бүтээгдэхүүн нь дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг бөгөөд энэ нь таргалалт, нөхөн үржихүйн эмгэг, хорт хавдар, хүүхдийн хөгжлийг удаашруулдаг нь судалгаагаар батлагдсан.
Мөн судалгаагаар ядуу өрхийн хүүхдүүдийн биед өндөр орлоготой айлын хүүхдүүдээс илүү хуванцар үлдэгдэл илэрсэн талаар Германы олон нийтийн ARD суваг мэдээлжээ.
https://www.dw.com/en/alarming-level-of-plastic-in-childrens-bodies-german-study-shows/a-50432823