Европын сансар судлалын агентлагийн /ESA/ судлаачид Нарны аймгийн зэргэлдээгээс нэгэн цагт аварга том од байсан асар том хар нүхийг илрүүлжээ.
“Gaia BH3” хэмээн нэрлэсэн уг хар нүхний масс нь Нарныхаас 33 дахин их байгаа нь одоогоор судлагдсан "одны масстай хар нүхнүүд" дотроо хамгийн томд тооцогдож байна.
Манай галактикаас одны масстай хар нүхнүүдийг хэдийнээ илрүүлээд байгаа боловч тэдгээрээс хамгийн их масстай нь шинээр нээсэн хар нүхнээс 1.5 дахин хөнгөн ажээ. Гэхдээ эрдэмтдийг гайхшируулсан зүйл бол сансар огторгуйн хэмжүүрээр уг хар нүх нь Дэлхийтэй маш ойрхон буюу 2000 гэрлийн жилийн зайд байгаа явдал юм.
Дэлхийтэй хамгийн ойр орших хар нүх бол гурван жилийн өмнө Тэнгэрийн тураг (Monoceros - Mon) одны ордоос илрүүлсэн “Gaia BH1” хар нүх бөгөөд манай гаргаас 1500 орчим гэрлийн жилийн зайд оршдог ажээ.
“Ийм том хар нүх бидний хажууханд байх боломжтой гэж хэн ч төсөөлөөгүй байх. Ийм нээлтийг одон орон судлаачид судалгааныхаа туршид ганцхан удаа л хийх боломжтой” гэж Парисын одон орны төвийн судлаач Пасквале Пануццо хэллээ. Энэ нээлтийг батлахын тулд таван тивийн 300 гаруй эрдэмтнээс бүрдсэн баг ажиллажээ.
Өмнө нь Нарнаас 21 дахин масстай “Cygnus X-1” хар нүх одны масстай хамгийн том хар нүхэд тооцогддог байв. Ерөнхийдөө Галактик дахь асар том оддын сүйрлийн дүнд үүссэн хар нүхнүүд нь Нарнаас дунджаар 10 дахин их масстай байдаг аж.
Хар нүх гэж юу вэ?
- Хар нүх гэдэг нь ямар ч биет, долгион, гэрэл зугтах аргагүй асар их татах хүч бүхий орон зай цаг хугацааны бүс юм.
- Хэдийгээр хар нүх гэдэг боловч дотроо хоосон биш харин ч эсрэгээрээ жижиг эзэлхүүнд шахагдсан асар их хэмжээний масстай матераар дүүрсэн байдаг бөгөөд энэ нь асар их татах хүчийг бий болгодог.
- Хар нүхний эргэн тойронд үзэгдлийн хаяа гэж тодорхойлсон бүс байдаг. Энэ бол сансар огторгуй дахь төсөөллийн хил, "буцах аргагүй цэг" бөгөөд түүнийг давсны дараа таталцлын урхинаас зугтах боломжгүй.