Халуун ногоо жин хасахад эерэг нөлөөтэй

Халуу ногоо тогтмол иддэг хүмүүс хэт таргалалт болон илүүдэл жинтэй болох магадлал харьцангуй бага байдаг нь судалгаагаар батлагдсан. Халуун ногооны талаарх судалгаанууд голчлон халуун чинжүүний үндсэн амтыг гаргадаг капсаицин дээр төвлөрдөг бөгөөд зарим судалгаагаар энэхүү бодис нь өөх задлах, энерги шатаах чадварыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон. Гэвч хэтрүүлэн хэрэглэх нь ходоод гэдэс цочроох эрсдэл ч мөн дагуулна. Хоол тэжээлийн мэргэжилтэн Патришиа Брижит Лейн “Капсаицин нь өлсөх болон цадах мэдрэмжийг хянадаг тархины хэсэг болох гипоталамусд нөлөөлдөг учир хоолондоо бага зэргийн халуун ногоо нэмэхэд л илүү хурдан цадах мэдрэмж авдаг. Мөн халуун ногоо тогтмол иддэг хүмүүс өдрийн турш харьцангуй бага хоол иддэг” хэмээн ярьсан байдаг.

Эмзэг ходоодтой хүнд халуун ногоо нь маш буруу сонголт мэт сонсогдож болох ч капсаицин нь гэдэсний бичил биетэд сайнаар нөлөөлдөг аж. Микробиом гэдэг нь зөвхөн микроскопоор л харагдах боломжтой, байгалиасаа хүний биед байдаг бактери, вирус, мөөгөнцөр зэрэг бичил биетнүүдийн нэгдэл бөгөөд бидний эрүүл мэнд, дархлааны системд маш чухал ач холбогдолтой. Харин халуун ногоо нь эдгээр бичил биетэд нөлөөлж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг байна. 

Капсаицин нь таргалалттай холбоотойгоор ходоод гэдсэнд үүсдэг үрэвсэлт өвчинтэй тэмцэх чадвартай. Мөн энэхүү бодис нь өвчин намдаах зориулалтаар хэрэглэгддэг тос болон наалтуудын гол орц найрлага болдгоос гадна үе мөчний үрэвсэл, фибромиалгиа зэрэг архаг хууч өвчнийг анагаахад нөлөөлдөг аж.

 

Гэвч та халуун ногоог эрүүл, зөв хооллолттой хослуулалгүйгээр дангаар нь, эсвэл үргэлж буруу байдлаар хэрэглэдэг бол энэ нь бодисын солилцоог идэвхжүүлж, холестерин бууруулах нь бүү хэл олон сөрөг үр дагавар үзүүлэх боломжтойг санах хэрэгтэй. Мөн бүхий л халуун ногоо сайн гэсэн үг биш бөгөөд халуун чинжүү болон хатаасан чили нунтаг олон сайн орц найрлагыг агуулдаг бол халуун сүмс болон бэлэн зарагддаг савласан амтлагчид их хэмжээний давс болон бусад амт оруулах найрлагуудыг багтаасан байдаг учир тогтмол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.