БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал тогтоосонтой нь холбогдуулан саатуулах тушаалыг гүйцэтгэхээр Ерөнхийлөгчийн ордонд ирсэн мөрдөгчдийг ордныг хамгаалж буй цэргүүд нэвтрүүлэхгүй байна гэж цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ.
Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газраас /CIO/ хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ, тушаалыг гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн боловч Нийслэлийн батлан хамгаалахын командлалын харьяа цэргийн ангийн алба хаагчид мөрдөгчдийг ордонд оруулахгүй байгаа ажээ. Юн Сог Ёлийг өнгөрсөн сарын 3-нд богино хугацаанд онц байдал тогтоосонтой холбогдуулан бослого гаргасан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр саатуулах тушаалыг гүйцэтгэхэд даваа гараг хүртэл хугацаа бий. Харин Юн Сог Ёлийг дэмжигчид Ерөнхийлөгчийн ордны гадаа жагсаал зохион байгуулж байгаа нь CIO-ын ажиллагаанд хүндрэл учруулж байгаагаас гадна Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхантай мөргөлдөөн үүсгэж болзошгүй байна.
Юн Сог Ёльд импичмент зарласныг эсэргүүцэж, түүнийг саатуулахад саад учруулахаар сүүлийн өдрүүдэд тус ордны ойролцоо олон мянган дэмжигчид цугларсаар байна. Тэдний заримыг нь цагдаа нар хүчээр тараажээ. Ажиглагчдын үзэж буйгаар, бямба, ням гарагт тушаалыг гүйцэтгэхэд илүү олон хүний эсэргүүцэлтэй тулгарч, даваа гараг гэхэд эцсийн хугацаа дуусахад хэт ойртох аж. СIO-гийнхэн Юн Сог Ёлийн шийдвэрийг хамтран шалгахаар цагдаагийн газар болон Батлан хамгаалах яамны мөрдөн байцаах албатай хамтарсан баг байгуулжээ.
Тушаалыг гүйцэтгэх баг нь СIO-ын 30 хүн, цагдаагийн 120 албан хаагчаас бүрдсэн байна. Юн Сог Ёль байцаалт авах гурван зарлан дуудах хуудсыг үл тоомсорлосны дараа CIO түүнийг саатуулах зөвшөөрөл хүсжээ. Мөн тус агентлаг ерөнхийлөгчийн өргөөнд нэгжлэг хийх зөвшөөрөл авсан байна. Хэрэв Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба, Юн Сог Ёлийг дэмжигчид CIO-гийн баривчлах ажиллагааг зогсоохыг оролдвол цагдаа нар тэднийг албан үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан хэргээр баривчлах болно гэдгээ мэдэгджээ. Юн Сог Ёль баривчлагдвал мөрдөгчид түүнийг Уйван хот дахь Сөүлийн урьдчилан хорих төвд саатуулах бөгөөд үүний өмнө Сөүлээс өмнө зүгт орших Гвачон хот дахь CIO-гийн төв байранд аваачиж байцаахаар төлөвлөж байна. Ерөнхийлөгчийг саатуулсны дараа CIO түүнийг албан ёсоор баривчлах эсвэл суллахад 48 цагийн хугацаа бий.