Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд өчигдөр ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Энэ үеэр сайд "Эрчим хүчний үнийг нэмнэ. Хэрэглээний халуун ус, дулаан, цахилгааны эрчим хүчний үийг ч нэмнэ. Ойрын өдрүүдэд энэ талаар шийдвэр гарна. Эрчим хүчний зохицуулах хороо үүнийг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бие дааж шийдвэрлэдэг. Одоо 1кВт цаг эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлээд, дамжуулан түгээж байна. Харин айл өрхөд 140 төгрөгөөр борлуулж байна гээд бодохоор 50 хувьдаа ч хүрэхгүй байна. Дулаан ч мөн адил. 90 мянган төгрөгөөр үйлдвэрлэчхээд 35 мянгаар зарж байна.
Тиймээс эхний ээлжид энэ алдагдлаа яаж багасгах вэ гэдгийг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, ашиг олох тухай биш. Хэрэв ашиг олно гэвэл үйлдвэрлэсэн үнээсээ давсан үнээр иргэдэд худалдах болно. Одоогоор тийм боломжгүй. Эрчим хүчний салбар энэ жил 270-аад тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана. Урьдын буюу 2023 оны төгсгөл арванхоёрдугаар сарын 31-ний үлдэгдэл 279 тэрбум төгрөг бас байгаа" гэв.