Төрийн албаны зөвлөлийн төсөв 80 гаруй хувиар өсч, АТГ-ын төсвийг 10.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

Ёс зүй, дэгийн байнгын хорооны аравдугаар сарын 22-ны өдрийн  хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуралдаанд Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд аудитын өгсөн дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням танилцуулсан ба тэрбээр "Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тус байнгын хороонд хамаарах Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг танилцууллаа. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төвлөрүүлэх орлогын төсвийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Төрийн албаны зөвлөлийн орлогыг 0.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөсөн байна. 

Нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 73.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь дараах шалтгаантай байна. Үүнд, 
 

  • УИХ-ын даргын төсвийн багцын урсгал зардлын төсвийг 55.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 175.4 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь цалин, хөлс болон нэмэгдэл урамшил 23.6 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамж 4.8 тэрбум, бараа үйлчилгээний бусад зардал 14.9 тэрбум, бусад урсгал шилжүүлэг 1.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмсэнтэй холбоотой байна. Хөрөнгө оруулалтын төсвийг хоёр төсөл, арга хэмжээнд нийт 15.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. 
     
  • Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн багцын урсгал зардлын төсвийг 14.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, 21.9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь цалин, хөлс болон нэмэгдэл урамшил 2.5 тэрбум, эд хогшил, урсгал засварын зардал 1.1 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хураамж 6.8 тэрбум, төгрөгөөр тус тус нэмэгдсэнтэй холбоотой байна.
     
  • Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн багцын урсгал зардлын төсвийг 10.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, 55.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь цалин, хөлс болон нэмэгдэл урамшил 8.8 тэрбум, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 1.4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэнтэй холбоотой байна.
     
  • Хөрөнгө оруулалтын төсвийг хоёр төсөл, арга хэмжээнд нийт 2.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэж байна" гэсэн дүгнэлт хэлсэн.
  •  
  • Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Д.Энхтуяа, Г.Очирбат нар асуулт асууж, хариулт авч байв.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Очирбатын "Төрийн албаны зөвлөлийн 2025 оны төсвийн төсөлд 2024 оны төсвөөс 14,3 тэрбум төгрөг буюу 80 гаруй хувиар өссөн байна. Төрийн албан хаагчийн хүний нөөцийн бүтэц ямар түвшинд байна вэ, төсөв нэмэгдэх хэрээр төрийн алба хэрхэн чадавхжих вэ" гэсэн асуулт тавив. 
  • Түүний асуултад Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн "Төрийн албаны хүний нөөцийн нэгдсэн тоо бүртгэлийг тухайн оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгодог. Энэ аравдугаар сарын байдлаар 4271 төрийн байгууллагад 228 820 төрийн албан хаагч ажиллаж байна. Эдгээр төрийн албан хаагчдын 1,7 хувь нь улс төрийн албан хаагчид, 10 хувь нь төрийн захиргааны албан хаагч, 20 хувь нь төрийн тусгай албан хаагч, үлдсэн 68 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Төрийн албан хаагчдын дундаж нас сүүлийн гурван жилээр залуужиж, 38,6 болсон. Төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл байдалд анхаарах хэрэгтэй байна. Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн иргэдийн 40 хувийг төрийн албанд оруулж байна. Төрийн албаны хүний нөөцийн хөдөлгөөнийг эргэлтэд оруулах, залуучуудыг төрийн албанд мерит зарчмаар ажиллуулахын тулд хичээн ажиллаж байна. Хүний нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцооны цахим системийн дэд бүтцийн болон тоон системд шинэчлэл хийхийн тулд хөрөнгө нэмж төсөвлөсөн" гэв.  

    Тус байнгын хороо ийнхүү Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
  •  Ёс зүй, дэгийн байнгын  хороо үргэлжлүүлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон олонх гишүүдийн саналаар тус ажлын хэсгийг байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа.