Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ дэмжлээ

УИХ-ын чуулганы 2025.04.10-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг өөрчлөлтүүд бий болно:

  • Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана;
  • Зээлийн хүү, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага буурна;
  • Санхүүгийн үйлчилгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртдэг тогтолцоог өөрчилж зээлдэгчийн онооны мэдээлэлд тулгуурлаж зөвхөн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр уян хатан нөхцөлтэй зээлийг санхүүгийн сахилга баттай иргэдэд олгох нөхцөлийг бий болгоно;
  • Онооны систем нэвтэрснээр зээлийн эрсдэлийг үнэлэх боломж нэмэгдэж, зээлийн хүртээмж илүү оновчтой болох нөхцөл бүрдэнэ;
  • Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж иргэд банкны шаардлагаар бус өөрийн хүссэн банкийг сонгон үйлчлүүлдэг болно;
  • Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна.

 Хуралдааны үеэр гишүүдийн зүгээс зээлийн муу түүхтэй, бага оноотой иргэдийг шууд “хар жагсаалт”-д оруулж, олон жил зээл авах боломжгүй болгодог одоогийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэнээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.