Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 29-нд МУГТ, боксчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийж, ес дэх ялалтаа байгуулсан юм.
Тэрбээр энэхүү тулааныхаа дараа "Энд байгаа америкчууд бүгдээрээ л "Мундаг байна", "Гоё тоглосон шүү" гэж байна. Гэхдээ иймэрхүү юманд хөөрөхгүй ээ. Ялсандаа баяртай байна. Дараагийн тулаан бүсийн төлөө болсон. Дөрөвдүгээр сард надад дахиад тулаан өгсөн. Ер нь бол ойрхон тулаан өгч байна. Миний нүүр царай яагаа ч үгүй байна. Бодсон шигээ сайн ажиллаж чадсангүй. Бас ахиад гар бяцарчихсан байна. Энэ зүүн гар бараг тулаан болгонд бяцарчхаад байх юм аа. Үзэж, дэмжсэн монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээж байгаа. Урдаа зорилго, мөрөөдөл тавьчихсан байгаа болохоор өдөр болгон бэлтгэлээ хийж байхдаа хичээж байгаа. Миний зорилго бол дэлхийн аварга болох. Дараагийн 4-р сард хийх тулаан маань 59 килограммд, доод жинд тулалдахаар болсон. Ахиад жин хасах нь. Ялалт байгуулаад ундаа уусан чинь ямар гоё юм бэ. Ундаа уугаагүй яг хоёр сар болсон байна" хэмээжээ.