Энэ сарын 10-ны өдөр Казакстан улсын Астана хотод жудо бөхийн "Их дуулга" тэмцээн болно. Энэхүү тэмцээн нь зуны Олимпын сүүлийн эрх олгох тэмцээн гэдгээрээ онцлог болж байна.
“Их дуулга”-д түрүүлсэн тамирчин чансаандаа 1000, мөнгөн медаль хүртвэл 700, хүрэл авбал 500 оноо авах юм. Нийлбэр чансааны оноогоор дээгүүрт бичигдсэн тамирчид “Парис 2024” олимпын эрхээ авах билээ. Тиймээс олимпын бүсэд орохын тулд чансааны 30-аас хойш эрэмбэлэгдсэн тамирчдад чухал ач холбогдолтой. Тэгвэл тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин зодоглоно.
Тодруулбал, 60 кг-д Н.Мэндсайхан, 66 кг-д Л.Сумъяа, 73 кг-д Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана нар барилдах юм. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Уранзаяа, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Д.Номинзул нар өрсөлдөнө. Гавьяат тамирчин Ц.Цогтбаатарын хувьд Токиогийн тэмцээнээс хойш анхны “Их дуулга”-даа оролцож байгаа нь энэ. Тэрбээр 2024 онд цор ганц тэмцээнд барилдсан нь Азийн аварга шалгаруулах тэмцээн юм. Уг тэмцээнд шагналт долдугаар байр эзэлсэн байдаг. Тэгвэл дэлхийн аваргын өмнө барилдааны формоо олох, өөрийгөө сорих зорилгоор Астанад зодоглож байна. Харин Г.Болор-Очир, Г.Алтанбагана, Б.Ганхайч, Б.Ням-Эрдэнэ, О.Хүслэн нарт олимпын оноо туйлын чухал. Тиймээс оноогоо ахиулж, чансаагаа урагшлуулахын тулд Астанагийн дэвжээнд хүч үзнэ.