Миннесота мужийн цагдаа нарын харгис үйлдлээс болж амиа алдсан Жеорж Флойдын гэр бүлд зориулан сайн сэтгэлт хүмүүс 24 цагийн дотор 1 сая гаруй ам. долларын хандив цуглуулжээ.
Жеоржийн ах Филониз Флойд GoFundMe цахим сүлжээн дээр тавдугаар сарын 27-нд буюу Жеорж нас барснаас хоёр өдрийн дараа хандивын аян эхлүүлжээ. Улмаар 24 цагийн дотор сайхан сэтгэлт 43 мянган хүний хүчинд дээрх хандив бүрдэж, түүнээс хойш улам нэмэгдсээр одоогийн байдлаар хандив нийт 1 сая 631 мянга 490 ам.доллар болж өссөн байна.
Филониз Флойд анх хандивын аян эхлүүлэхдээ ойролцоогоор 1.5 сая ам.доллар цуглуулах зорилго тавьсан байна. Харин ийм хурдан цуглана гэж бодоогүй гэр бүлийнхэн нь хандив өргөсөн бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлжээ.
Жеорж Флойд амь насаа алдсаны дараагаас Миннесота мужид эмх замбараагүй байдал үүсч, эрх баригчдын зүгээс онц байдал зарлаад байгаа билээ.
Сэтгэгдэл үлдээх