Хятад Ирантай стратегийн түншлэлд хүрч, нөлөөгөө тэлэв

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн амралтын өдрөөр Тегеранд айлчилж, Ираны талтай 25 жилийн хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон Хятад, Иран улсууд урт хугацаанд эдийн засаг, улс төрийн холбоо тогтоосон нь яах аргагүй олон улсын анхаарлыг татаж байна. 18 хуудас бүхий гэрээний дагуу Хятад, Иран улсууд нь эрчим хүч, нефть химийн бүтээгдэхүүн, цөмийн зэвсэг, дэвшилтэт технологи, далай тэнгис, цэргийн салбар зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар болжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Хятад нь ирэх 25 жилийн хугацаанд Ираны эдийн засагт хамгийн багадаа 400 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, оронд нь газрын тосыг хөнгөлөлттэй үнээр тогтмол удаан хугацаанд авахаар тохиролцсон байна.

“Энэхүү гэрээ нь Хятадтай харилцаагаа өргөжүүлэх, тус улсын компаниудын Иранд хөрөнгө оруулах, бизнес эрхлэх боломжийг илүү нэмэгдүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн Ираны Гадаад хэргийн сайд мэдэгджээ. Харин Ван И мэдэгдэхдээ “Хятад, Ираны харилцаа стратегийн түншлэлд хүрлээ. Хятад улс нь Ирантай харилцаагаа цаашид ч тодорхой хэмжээгээр өргөжүүлэхийг хичээнэ. Бидний харилцаанд өнөөгийн нөхцөл байдал нөлөөлөхгүй бөгөөд тогтвортой стратегийн түншлэл байна ” хэмээсэн байна.

үүнчлэн Хятадын бүс-зам санаачилга дахь Ираны оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан байна. Хятадын бүс-зам дэд бүтцийн санаачилга нь Зүүн Азиас эхлээд Европ хүртэл олон тэрбум их наяд ам.долларын том төсөл юм. Энэхүү санаачилгаар дамжуулан Хятад нь эдийн засаг, улс төрийн нөлөөллөө нэмэгдүүлэхийг зорьж буй хэмээн АНУ-аас болгоомжилж байна.

Ираны хувьд дэлхийн хамгийн том зах зээл Хятадтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлснээр АНУ-аас тавьсан хориг арга хэмжээнд хязгаарлагдахгүй байх боломж бүрдэж байна. Харин нөгөө талд Хятад нь Ойрхи-Дорнод дахь АНУ-ын нөлөөг бууруулж, эрчим хүчний эх үүсвэрээ баталгаажуулах чухал алхам боллоо. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн Лхагва гаригт Ойрхи-Дорнод дахь долоо хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүлжээ. Тэрбээр Саудын Арабаас айлчлалаа эхлүүлж, Турк, Иранд очсон ба ирэх өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират, Оман, Бахрейн улсуудад айлчлахаар төлөвлөж байна.

Хятад нь 1990-ээд оны эхэн үеэс Ирантай худалдаа наймаа хийж эхэлсэн. Улмаар сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад нь Ираны худалдааны чухал хамтрагч орон болж хувирсан байна. Үүнд 30 гаруй жил үргэлжилсэн олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр олон улсын хориг арга хэмжээг 2015 онд АНУ, Европын холбоотнуудтай Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулснаар цуцалсан боловч АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын шийдвэрээр Вашингтон гэрээнээс гарч, хориг арга хэмжээгээ сэргээсэн юм.  Хэдийгээр АНУ-аас Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо чангатгасан ч Хятадын талаас Иранд голдуу автомашины тоног хэрэгсэл, хувцас, хүүхдийн тоглоом, ариун цэврийн бүтээгдэхүүн экспортлодог. Энэ гуравдугаар сарын 20-ны байдлаар жилийн хугацаанд Иранаас Хятадтай 73 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна.

Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф мэдэгдэхдээ “Хятад улс бол хүнд цаг үед гараа сунгасан сайн нөхөр” гэдгийг онцолсон байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Ираны эсрэг АНУ-ын талаас шинэ хориг арга хэмжээ оруулж ирэх бүрт эсрэг байр суурь илэрхийлдэг нь Хятад улс юм. Тиймдээ ч Бээжин нь Ираны хувьд хэцүү цаг үед хань болж буй нөхөр нь болжээ.

Хоёр орны хооронд байгуулсан хэлэлцээрийг аль эрт 2016 онд Хятадын дарга Ши Жиньпин Иранд айлчилсан үеэс ярилцаж эхэлсэн байна. Энэ нь Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулсны дараа яригдаж эхэлсэн гэсэн үг. Ши Жиньпин  Ираны шашны тэргүүн Аятолла аль-Хаменейтэй уулзахдаа 25 жилийн хамтын ажиллагааны гэрээг санал болгосон байв. Гэвч өнгөрсөн онд Иранд өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр Хассан Роуханийн Засгийн газар эх орноо Хятадад худалдах гэж байна хэмээн олон нийтийн сүлжээнд хүчтэй давалгаа өрнөж байв. Тиймдээ ч Персийн шинэ жилийн баярыг тохиолдуулан энэхүү хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан нь шүүмжлэлээс зайлсхийх оролдлого хэмээн ажиглагчид дүгнэжээ.

Ираны талаас өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай цөмийн хэлэлцээг дахин эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч Жо Байден Ираны засаг захиргаа ураны баяжуулалтаа 2015 онд байгуулсан цөмийн гэрээнд заасан түвшинд хүргэж бууруулахгүй бол тус улсын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахгүй гэж мэдэгджээ. Цөмийн гэрээний дагуу Иран ураны баяжуулалтаа 3.67 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой боловч 2019 оны дунд үеэс хойш 4.5 хувьд хүргэж, өнгөрсөн сараас 20 хувьд буюу гэрээ байгуулахаас өмнөх үеийнхтэйгээ ижил түвшинд хүргэж нэмэгдүүлээд байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ygsbxy

lipitor 40mg drug <a href="https://lipiws.top/">cost lipitor 40mg</a> buy lipitor 20mg online cheap