Хөсвгөл нуурын эко систмийг хадгалах, бохирдлыг бууруулах хүрээнд нуурт живсэн машин, техникүүдийг татан гаргах дэд ажлын хэсгийн ээлжит хурал болжээ.
Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг уснаас татан гаргах ажиллагааг 3 үе шаттай явуулахаар судалгаа хийсэн байна. Зохион байгуулах ажиллагаанд нийт 29 нэгж техник хэрэглэл, 13 байгууллагын 128 хүн ажиллахаар тооцоолжээ. Живсэн онгоцны нийт жинг 1421,58 тонн гэдгийг нарийвчлан шалгаж, хөлгийг үндсэн байрлалд шилжүүлэхийн тулд хуримтлагдсан усанд ханасан шавар, тунадсыг зайлуулах тохиолдолд 591,5м³-ээс багагүй хөрс соруулах шаардлага үүсэж болохыг тогтоожээ.
Мөн хөлгийн хүндийн хүчийг багасгах, өргөх хүчийг нэмэгдүүлэх боломжит хувилбарт саналуудыг боловсруулжээ.
1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц нуурын эргээс 110-120 метр зайтай, 12-16 метрийн гүнд нуур тал руугаа хазайсан, баруун бөөрөөрөө, зүүн тийшээ харсан байдалтай байгаа.
1956 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “Бор-500” загварын ачаа, зорчигч тээвэр, чирэх зориулалтын ган төмөр материалаар хийгдсэн, урт 43,52, өргөн 8-9, өндөр 11,40 метр, жин 400 тонн, уурын илчит хөдөлгүүртэй, 400 морины хүчтэй, дизель, мөс зүсэгчтэй ажээ.
Гадаад зах зээлээс авах шаардлагатай техник хэрэглэл 9 сардаа багтаж ирвэл, угсралтын ажлуудаа хийж, ОХУ-ын Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулна. Мөн нуурт живсэн машин техник хэрэгслийг илрүүлэх, судалгаа хийх ажлыг 9 сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх