УИХ-ын гишүүний сарын цалин 7 сая төгрөг бол үйл ажиллагааны зардалд сар бүр 25 сая төгрөгийн нэмэгдэл авдаг

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулсан УИХ, Засгийн газар сүүлийн өдрүүдэд төсвийн төсөл тойрсон асуудлаар хоорондоо хэмлэлдэн, эцэстээ тарах дээрээ тулаад байна. 2025 оны төсвийн төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг ид хийх үед таг дуугүй байсан гишүүд нэгэнт галт тэрэг хөдөлсөн хойно гэнэт амь орж, төсвөө, зардлаа тана, эс бөгөөс Ерөнхий сайдыг огцруулна, АН-ын гишүүд засгаас гарна хэмээн мэдэгдэх  болсон. Анхнаасаа 126 гишүүнтэйгээр эхлүүлсэн УИХ-ын үйл ажиллагаа мордохын хазгай гэгчээр бүтэлтэй нь ховор. УИХ-ын гишүүд тойргоос, жагсаалтаар сонгогдсон гэдгээрээ талцан, өнөөдрийн байдлаар төсөв тойрсон хэрүүл улам ширүүсэж байна.  

УИХ анх удаа 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл зэрэг олон намын төлөөлөл багтсан гэдгээрээ бурууд нүд хурц байж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ гэсэн хүлээлт нийгэмд бий болсон ч Засгийн газарт хамтарсан нь олныг гонсойлгосон. 126 гишүүний суух өрөө, тав тухыг хангах, сэтгэлд нь  нийцүүлэх гэж УИХ-ын Тамгын газар  хэсэгтээ л зүдэрсэн. Голж шилж арайхийн өрөө өрөөндөө тухалсан УИХ-ын гишүүд  чуулгандаа ч суухаа байж УИХ-ын гишүүн Ч.Лодойдамба "УИХ-ын гишүүний ажлаа хийгээч ээ. Хэзээ гишүүн болох юм бэ" хэмээн арга ядаад мэдэгдэж байх вэ. 

Тэгвэл тойрогтоо таван тэрбумыг тавиулна хэмээн лобби бүлэг хүртэл байгуулж байсан УИХ-ын гишүүдийн цалин хангамж бага биш. Гишүүний тоог нэмснээр цалингаас гадна бүхий л зардал хэд дахин ихэссэн. Тухайлбал, УИХ-ын гишүүний цалин өмнө дөрвөн сая төгрөг байсан бол энэ удаад нэмэгдэж, долоон сая төгрөгийн цалин авдаг болсон. Болоогүй үйл ажиллагааны зардал хэмээн гишүүн бүр нэг сард 25 сая төгрөгийн нэмэгдэлтэй. Үйл ажиллагааны зардалд гишүүдийн сонин сэтгүүл захиалга, бичгийн цааснаас эхлээд бичиг хэргийн зардал, туслахын цалин хөлс, ямар хуулийн төсөл санаачлав зэрэг хийсэн ажлаа тайлагнах хөлс, шатахууны зардал зэрэг багтдаг. Харамсалтай нь, өмнөх 76 гишүүнээс ганцхан нь л өдөр тутмын сонин захиалдаг байсан. Харин 126 гишүүний хэд нь захиалж, тархиа цэнэглэсэн гэдэг нь удахгүй ил болох биз ээ.

УИХ-ын 126 гишүүний үйл ажиллагааны зардал нэг сард нийтдээ гурван тэрбум 150 сая төгрөг болж байна.  Мөн УИХ-ын гишүүдийн үндсэн гол чиг үүрэг хуулийн төсөл боловсруулах. Өмнөх парламент буюу 76 гишүүн  санаачилсан төсөл бүрдээ 15 сая төгрөгийн урамшуулал авдаг байсан бол 126 гишүүнийх мэдээж нэмэгдэж л таарна. Ингээд бодохоор ажилдаа ч ирдэггүй хойрго гишүүд татвар төлөгчдийн мөнгөөр хангалттай сайхан "амьдардаг" байх нь. Сард долоон сая төгрөгийн цалин, дээр нь үйл ажиллагааны зардал 25 сая гэхээр сард 32 сая төгрөгийн цалин хангамжийг сар бүр авч, хуулийн төслийг бие даан эс бөгөөс бусдын төсөлд хамтран оролцоод өчнөөн сая төгрөг. Харамсалтай нь, үүрэг, хариуцлагаа ч ухамсарлаж ойлгоогүй, ойлгохыг ч хүсдэгггүй УИХ-ын гишүүдийн шунахай хомхой зан илэрсээр байгаа.  Ц.Даваасүрэн гишүүн  хэдэн зуун тэрбумаар аймагтаа бяслагны үйлдвэр байгуулна хэмээн улайх ч үгүй зүтгэж, хавдрын эмнэлэггүй иргэд хэрхэн зутарч байгааг мэдсээр атлаа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 15 тэрбумын барилгыг шахаж, Эрүүл мэндийн сайд нь Бодь группээр хавдрын эмнэлгийн зураг төслийг гурван тэрбумаар хийлгэж байх жишээтэй.  Эцэст нь, нийгэмд адлагдсан ч улайраад ч  болов төсвийн мөнгөнөөс хувь хүртэх гэсэн УИХ-ын гишүүдийн  шуналд  Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавина хэмээн нийгмээрээ найдан харж байна.