Мартуулсан ч мартаагүй түүх

Хэлмэгдүүлэлт, он цагийн эргэлт Тэртээх 1922 оноос харийн орны далд явуулгаар Монгол хүн Монгол хүнийхээ цусыг урсгаж, мохож үзээгүй өвөг дээдэсийн минь зориг цөс хагас жараны дотор “Их хэлмэгдүүлэлт” нэрийн дор үгүйрэн устсан гэдэг нь өнөөгийн бидэнд түүх гэрчилнэ. Эхнэр, ижий хүмүүсийн нулимс үерлэж, гэр эзгүйрч, зулын гэрэл лааны тосоор солигдож, зуун мянган иргэнээ толгой дарааллан хядаж байсан энэ түүх одоогийн залуус бидэнд үлгэр мэт санагдана. Гэвч юуны тулд энэ үйл явдал болсон талаарх эцсийн дүгнэлт нь гарцаагүй ганцхан улс төр, эрх мэдэл, хэн нэгэн сахалт гадаадын хэтийн эрх ашгийн төлөөх золиос байж. Энгийн олон түмэн эрх мэдлийн төлөөх тэмцэлд хэлмэгдэж... Цаг тайван болж, цагдаа иргэнээ хамгаалдаг болж, Монгол олон намтай болж, "Ардчилал” гэх үг ам бүрээс урсах болсон энх цаг ирж энэ их “Хэлмэгдүүлэлт” гэдэг үгийг түүхийн хичээлээс л уншиж болохоор  21-р зуун ирсэн байлаа. Хэзээнээс төрөө дээдлэж, биширч ирсэн Монголчууд бид  эрх чөлөөгөө эдэлж, үндсэн хуулиар олгогдсон эрхээрээ төр жолоодох эрхийг хэн нэгэнд олгодог болсон.  Энэ ч утгаараа 2008 оны ээлжит Улсын Их хурлын сонгууль эхэлж олон нам, улс төрчид эрх мэдлийн ээлжит тэмцэл эхэлсэн юм. Долдугаар сарын 1-н гэх тэр өдөр иргэдийн эгэл жирийн амьдрал эхэлдэгээрээ эхэлж уламжлал ёсоороо цагдаа нь амар тайвны манаанд, цахилгаачин нь гэрэл гэгээний манаанд өөр өөрсдийн  ажил үүргээ гүйцэтгэхээр гэрээсээ гарцгаажээ. Харин тэдний зарим нь эргэж гэртээ хэзээ ч ирээгүй юм.  Өнөөх л улс төрийн эрх мэдэл, шуналын золиосонд  аав ээжийн таван хүү “Хэлмэгдсэн” юм. Тэд даравч түүх дурайна Есөн жилийн өмнөх тэр өдөр яг юу болсныг дахин сануулья. 2008 оны ‌‌ зургадугаар сарын 30-нд Монгол Улсын Их Хурлын тавдугаар удаагийн сонгууль орон даяар явагдаж тэр үеийн МАХН одоогийн МАН 45 суудал, АН 28, бусад этгээд дөрвөн суудал эзлэхээр урьдчилсан дүн гарчээ.  АНБННИргэний эвсэлийн удирдах хүмүүс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, МАН-ыг сонгууль луйвардлаа, бид шудрага ёсны төлөө тэмцэнэ гэж Ц.Элбэгдорж тэргүүтэй АН жагсаал цуглаан зохион байгуулж, үймээн самуун үүсгэж эхэлсэн. Үүний үр дүнд МАН-ыг “шантаажилж” хамтарсан Засгийн газар гэгч нэртэй луйварын Засгийн газар байгуулж МАНАН бүлэглэл үүсэх нөхцлийг бий болгосон билээ. МАН-д шантааж хийх АН-ын хүч нь хэн байв гэдэг асуултын хариулт  тодорхой. Мэдээж хөлс, хүч, цус, амиа хайрлахгүй тэмцсэн ард түмэн юм. Учир нь гэвэл ард түмний итгэл сэтгэл хүч чадлыг АН ашиглаж санасандаа хүрсэн гэсэн үг. МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж жагсаалыг тэргүүлэн бохь зажилж, гараа өмднийхөө халаасанд хийж явсан тэр цагаас хойш хоёр ч удаа өөрийн хүсэл мөрөөдөл болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Тэгснээр ард түмэн түүнд өөрийн мэдэлгүйгээр хүчин зүтгэх болсон. Гэхдээ тэдний үнэн ч сэтгэл энэ биш юм. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал юу байсан билээ? Сонгууль шударга бус болсонд дургүйцсэн ард түмэн жагсаж тэмцэхэд нэг байшин шатсан, тэр яахав, хамгийн гол нь цагдаа нар тэмцэгчдийг харгислаж таван хүнийг буудаж хөнөөгөөд, олон залуучуудыг хэлмэгдүүлж барьсан. Өнөөдөр үүнээс өөрөөр ярьж бичихээ больжээ. Бусад фактууд хаачив? УИХ-ын сонгуульд намаа ялагдууллаа гэж сандарсан Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж санал хураалтын маргааш 11 цагаас намынхаа байранд хэвлэлийн хуралд цуглуулж, хаана хэдэн саналыг яаж луйвардуулснаа тоо баримтаар зарлаад, дараа нь Сүхбаатарын талбайд гарч Ордныг тойрон гороолж байгаад тэмцэлд уриалсан нь факт. Сонгуулийн дүнг албан ёсоор зарлаагүй байхад шүү! Араас нь  ялагдсанаа барагцаалж хорсол нь буцалсан их удирдагч О.Магнай нар МАХН-ын Цагаан ордоны өмнө очиж замдаа тааралдсан болгоныг дагуулан улангасан дайрч турхирсан нь факт. Хөөрч сагсуурсан залуучууд хяналтаас гарч галдан шатааж эхэлмэгц тэд сүүлээ хавчин зугтсан нь бас факт. Удалгүй МАХН-ын байрыг бүрэн шатааж, Соёлын төв өргөө рүү халдсаны дараа арга буюу онц байдал зарласан нь факт. Өнөөдөр энэ бүх фактууд мартагджээ. Харин өдөржин, оройжин чулуугаар шидүүлж хилэгнэсэн цагдаа нар тушаал өгөнгүүт хариугаа авахдаа бас зоргоороо аашилж 5 хүнийг нам буудсан, бас  хэдэн зуугаар баривчилж хорихдоо хүний эрхийг зүсэн бүрээр зөрчсөн нь  фактуудыг зөвшөөрч, бусдыг тас хориглосон байна.  Удалгүй шүүхээр шийтгэгдсэн хүмүүсийг өршөөснөөр ул мөрөө балласан гэхэд болно. Ц.Элбэгдоржоор эхэлж Ц.Элбэгдоржоор дууссан ийм нэгэн хэрэг. Сонгуулийн үеэр маргаан зөрчил үргэлж гардаг. Гэхдээ 2008 онд ард түмэн босч тэмцэхээс аргагүйд хүргэсэн муухай сонгууль байсныг нотолсон баримтууд хаана байна? Бүгдээрээ Их хуралдаа орцгоосныг бодоход зүгээр сонгууль болжээ. Тэр үеийн МАХН буюу одоогийн МАН-ын удирдлага, нэрлэвэл С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар өөрсдөө хариуцлагаа тооцуулахаас гадна “цаад эзэд”-ээс нь хариуцлага шаардах байсан ч гай болж таван хүн буудуулсанд бантаж амиа хоохойлсоор өдий хүрчээ. Энэ бол бас баримт. Би нэг жишээ хэлье. Лив улсын ард иргэд эх орныхоо төлөө дарангуйлагч авилгалчдыг устгаж цэвэрлнэ гэж итгэж хоорондоо байлдсаар байгаад улсаа устгасан эмгэнэлт түүх бол шинэхэн. Одоо Лив газрын хөрснөөс арчигдаж үхэж үрэгдээд дуусч байна. Азаар дүрвээд гарсан нь замдаа өлсөж, живж, хөлдөж үхсээр цөөхөн нь хил давж хоногийн хоолны төлөө нохойноос дор амь зогоож нутагтаа үлдсэн хэд нь гэмт бүлэглэлүүдийн хоорондох дайны золиос болоод үхээд дуусч байна. Юу гэсэн үг вэ гэвэл тэмцэл бүхэн сайныг авчирахгүй, хулгайчыг бариарай гэж хашгирсан болгон шудрага журамтан байдаггүйг ойлгох хэрэгтэй байна. Ард түмний “Хэлмэгдсэн”, золиослогдсон амь С.Баяр, Ц.Мөнх- Оргил гэгч нарын албан тушаалын сэнтийнээс хямд гэж үү? Б.Баттүшиг

Сэтгэгдэл үлдээх