Таны ажил олгогч хөдөлмөрийг чинь мөлждөг гэж бодож байвал...

Иргэн та хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг үү? Нийтлэлийг уншиж буй иргэн та эхлээд энэ асуултад хариулаарай.
Манай улсад хөдөлмөрийн насны буюу 15 наснаас дээш насанд тооцогдох эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 2,053,899 байна. Энэ нь нийт хүн амын 1,132,843 буюу 55 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг. Эдгээр иргэдийн дундаж цалинг 960 мянга гэж үндэсний статистикийн хорооны зургадугаар сарын мэдээлэлд дурьдсан. Уг цалингийн хөлстэй маргах иргэд олон байгаа.
Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагууд Монгол Улсын хуулийг зөрчих нь элбэг. Тухайлбал зарим байгууллага дотоод журамдаа “Ажилчидаа дуудсан цагт ирж, шаардсан үүрэг даалгаварыг биелүүлж байхыг тусгасан байдаг. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ажлаас хална” гэж заасан тохиолдол ч гарч байжээ. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэнэ. Гэвч иргэд хуулийн мэдлэг дутмагаас мөн ажлын байр хомс учир орлоготой үлдэх гэснээс үүдэн хөдөлмөрөө мөлжүүлдэг аж.
Дэлхийн зөн байгууллагын салбарын дотоод журамд “Манай байгууллагад ороод зургаан сар болоогүй жирэмсэлсэн эмэгтэйд жирэмсний чөлөө өгөхгүй” гэж тусгажээ. Гэтэл Хөдөлмөрийн хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд амаржихын өмнө болон дараа нь 120 хоногийн чөлөө өгөх заалт бий. Хуулийн уг заалтыг зөрчсөнөө тайлбарлахдаа “Гадаадын хөрөнгө оруулалттай учраас ийм шаардлага тавьдаг” гэжээ. Иймд дээрх байгууллага хууль зөрчиж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалттай ямар ч байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа л бол бүх хууль тогтоомжийг мөрдөж, түүний хүрээнд ажиллах учиртай.
Мөн ашиг орлого муу байна гэдэг шалтгаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин өгөх явдал түгээмэл гардаг байна. Түүнчлэн ажил олгогчийн тухай гомдол шүүхэд гаргах эрхгүй гэж хөдөлмөрийн гэрээндээ тусгасан тохиолдлууд ч байдаг аж. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж буй үйлдэл юм.
Гэтэл Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд хөдөлмөрийн мөлжлөг гэж ийм зүйл байна гэсэн тодорхой заалт байдаггүй. Гэхдээ энэ хууль хөдөлмөрийн мөлжлөгийг зохицуулдаггүй гэдгийг илэрхийлж буй хэрэг биш. Ажлын байрны хэвийн харилцаа, хоёр талын ашиг сонирхол эрх тэгш байх, бие биедээ хүндэтгэлтэй хандах түвшинг зохицуулдаг. Иймд хөдөлмөрийн харилцаанд мөлжлөгийг үгүйсгэж буй хэлбэр юм. Хүний хөдөлмөрийг мөлжих, ажиллах хүчийг боолчлох асуудлыг Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад хуулиар хариуцлага тооцож зохицуулдаг.
Шүүх, цагдаагийн байгуулагад хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн тухай хэргүүд байдаг байна. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээ нь тодорхойгүй, бичиг баримтыг нь хурааж авах, харуул манаатай байлгах, цалинг нь өгөхгүй зэргээр хүнийг боолчилсон, албадсан мөлжсөн шинжтэй хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдол гарч байжээ. Мөн манай хөдөлмөр зуучлалын компаниуд Казахстанд барилгын ажилд ажиллах хүч илгээсэн. Тэдгээр иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн тухай гомдол гарч байсан юм. Тэгэхээр хөдөлмөрийн мөлжлөг гарахыг үгүйсгэх аргагүй. Ялангуяа ажиллах хүч гадаадад гаргах орчин нөхцөл бүрдсэн өнөө үед хөдөлмөрийн мөлжлөг гарах магадлал өндөр. Гэхдээ хөдөлмөрийн мөлжлөг зөвхөн гадаадад гардаг гэж ойлгож болохгүй. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд ч хөдөлмөрийн мөлжлөг байдаг. Өөрөөр хэлбэл хүний хөдөлмөрийг мөлжиж, боолчлоод байхгүй ч түүний элементүүд хөдөлмөрийн харилцаанд гарч ирж буй тохиолдол байдаг. Жишээлбэл олон цагаар илүү ажиллуулах, илүү цагийн хөлс олгохгүй байх, цалингүй ажил хийлгэх явдал манай байгууллагуудад элбэг гардаг байдаг байна.
Т.Цолмонсайхан
Сэтгэгдэл үлдээх