Мьянмарын арми амь үрэгдэгсдийн цогцсыг ар гэрт нь 85 ам.доллараар “зарна”

Ардчиллын төлөөх жагсаалд оролцоод, цэргүүдэд буудуулж, амь үрэгдсэн хүмүүсийнхээ цогцсыг авахын тулд ар гэрийнхэн нь армид 85 ам.доллар тушаах ёстой болжээ.

Мьянмарын арми хоёрдугаар сарын 1-нд төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авснаас хойш ард иргэд хувьсгалыг эсэргүүцэн, ардчиллын төлөө үзэл бодлоо илэрхийлэн жагсаал, хөдөлгөөн эхлүүлсэн билээ. Харин арми жагсагчдыг дарахын тулд байлдааны сум, тэсрэх бөмбөг ашиглаж, энгийн ардыг хэдэн зуугаар нь хядаж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн эцэст ардчиллын төлөө жагсаалд оролцож яваад цэргүүдийн гарт амиа алдсан хүний тоо 700 давж, 3000 гаруй хүн баривчлагдсан байна.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт (2021.04.09) Баго хотод болсон жагсаалыг тараахдаа цэргүүд дор хаяж 82 хүний аминд хүрчээ. Жагсаал хүчээр дарагдсанаас хэдэн цагийн дараа Баго хотын их сургуулийн оюутны холбоо цахим орчинд “Мьянмарын арми өөрсдийнхөө хөнөөсөн хүмүүсийн цогцсыг ар гэрийнхэнд нь өгөхдөө 120 мянган мьянмар кят буюу 85 ам.доллар шаардаж байна” хэмээн бичжээ.

Болсон явдлыг нүдээр үзсэн гэрчүүд “Цэргүүд нүдэнд нь хөдөлж харагдсан бүхнийг ямар ч өршөөлгүй буудан унагааж байлаа. Цэргүүдээс айсандаа хотын ихэнх иргэд ойролцоох тосгод руу зугтацгаасан” хэмээн ярьсан аж.

Мьянмарын төрийн мэдээллийн “Global New Light of Myanmar” агентлаг дээрх мэдээллүүдийг үгүйсгэн, “Хэв журам сахиулахаар очсон цэргүүд рүү жагсагчид гараар угсарсан буу болон бусад зэвсэг ашиглан дайрч эхлэхэд цэргүүд аргагүйн эрхэнд биеэ хамгаалсан бөгөөд мөргөлдөөний эцэст нэг жагсагч амиа алдсан” хэмээн мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх