Өнөөдөр: 2024-03-29

Уур амьсгалын өөрчлөлт: 1.2 тэрбум хүн орон гэргүй болно

Уур амьсгалын өөрчлөлтөөс болж эх орноосоо дайжсан олон сая дүрвэгчийн урсгал нэмэгдсээр байгааг Нью-Йорк хотноо үргэлжилж буй асуудлыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал дээр хэлэлцлээ. Сирийн дөрвөн сая дүрвэгчийг “шингээсэн” Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улс нэмж нэг ч дүрвэгч хүлээн авах боломжгүй гэж мэдэгдэв. Тэрбээр дэлхийн уур амьсгал, цаг агаарын өөрчлөлтөд хамгийн их нөлөө үзүүлсэн буруутай орнууд үүссэн асуудалд илүү хариуцлага үүрэх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

НҮБ-ын хуралд өмнө, одоо ч дүрвэгсдийн асуудлыг зөвхөн улс төрийн зөрчлийн шалтгаантай гэж авч үздэг байсан бол уур амьсгалын өөрчлөлт шинэ хүчин зүйл болов. Турк улс хөгжингүй орноос зэрэглэл буурч, хөгжиж буй орны ангилалд шилжсэн нь нэг талаараа уур амьсгалын өөрчлөлтөд хүлээх хариуцлагаас зугтах оролдлого аж.

Туркийн өмнөд нутагт өнгөрөгч зун гарсан их түймрийн дараа гол сөрөг хүчний зүгээс Эрдоганы засгийн газрыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын анхааруулгыг үл тоосон хэмээн буруутгажээ.

Австралийн IEP байгууллагын судалгаагаар 2050 он гэхэд уур асьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхийн цаг агаарын өөрчлөлт эрчимжиж, байгалийн гамшигт үзэгдлээс болж 1.2 тэрбум хүн орох орон, ажлын байр, амьжиргааны эх үүсвэрээ алдах нь. Ган гачиг зэрэг байгалийн гамшгаас болж жил бүр олон мянган хүн эх орноосоо дүрвэж байна. Тэднийг "уур амьсгалын дүрвэгсэд" хэмээн нэрийдэх болжээ.

Өдгөө хөгжиж буй орнуудын дийлэнх нь ган гачиг, элс, шороон шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсэний улмаас их хэмжээний хохирол амсч байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн мэдэгдэлд 2010 оноос хойш уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгаас болж эх орноосоо дүрвэсэн хүмүүсийн тоо 21.5 сая болж нэмэгджээ. Түүнчлэн цаг агаарын өөрчлөлтөөс болж байгалийн баялагт тулгуурлан амьдарч буй хүмүүсийн олонх нь ус, хүнсний хомсдолд орсныг онцолсон байна.

Мал аж ахуй, газар тариаланд тулгуурлан амьдардаг Монгол Улсын хувьд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж буй нь анхаарал татсан асуудал. Тухайлбал, Монгол орны нийт газар нутгийн 90 гаруй хувь цөлжилтөд өртөмтгий, хуурай, хагас хуурай бүсэд хамрагддаг ба 72.3 хувь нь цөлжилтөд ямар нэгэн хэмжээгээр өртсөн гэж тодорхойлсон байдаг. 

Үүний зэрэгцээ далайн түвшин нэмэгдсээр байгаа нь арал, хойгийн орнуудад том сорилт болжээ. Тухайлбал, өнгөрсөн 30 жилийн хугацаанд далайн түвшин нэмэгдсэний улмаас эрсдэлд орох магадлалтай эргийн бүсэд амьдарч буй хүмүүсийн тоо 160-260 сая болж өссөн аж. Тэдний 99 хувь нь ядуу, хөгжиж буй, жижиг арлын орнуудад амьдарч байна. 

Өдгөө уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд олон улс илүү анхаарал хандуулж, энэ талаар судалгаа хийж, гарц хайж эхэлсэн нь сайшаалтай ч "Бид оройтсон байх вий" гэх болгоомжлол эрдэмтдийг зовоосоор байна. Тухайлбал, 2015 онд Франц улсад байгуулсан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын барим бичиг болох Парисын гэрээг баталсан ч өдгөө хүртэл олонх орны хувьд цаасан дээр үлдсэн амлалт болжээ. Харин АНУ, Европын холбооноос тус бүрдээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж эхэлжээ. 

Дүрвэгсдийн асуудлаарх 1951 оны конвенцид уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан эх орноосоо дайжсан хүмүүсийн талаар тусгаж, нэр томъёоллыг тодорхой болгоогүйгээс өнөөдрийг хүртэл тэднийг дүрвэгч гэж үздэггүй байв. Тухайлбал, байгалийн баялагт тулгуурлан амьдардаг хүмүүс гамшигт орлогын эх үүсвэр, орон гэрээ алдсанаар бусад орон руу дүрвэн очиж, НҮБ-д хандахад тэднийг дүрвэгч гэж үздэггүй учраас асуудал их гардаг байна. 

Хөгжингүй олон оронтой харьцуулахад Япон улс уур амьсгалын өөрчлөлтийн дүрвэгчид болон аюулгүй байдлын асуудалд төдийлөн анхаарал хандуулдаггүй гэж шүүмжлүүлжээ. Тус улс 2019 онд ердөө 44 дүрвэгч хүлээж авсан нь ижил түвшний хөгжилтэй Герман улстай харьцуулахад маш бага тоо аж. Герман улс 2019 онд 54 мянган дүрвэгч хүлээн авсан байна. Азийн хөгжиж буй олон орон уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж байгаа нөхцөлд энэ асуудалд Япон улс анхаарал хандуулахгүй бол ойрын ирээдүйд дүрвэгсдийн хямралд өртөж болзошгүйг ажиглагчид анхааруулжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Mabzrx

buy lipitor 80mg <a href="https://lipiws.top/">lipitor 80mg generic</a> atorvastatin 10mg over the counter