Өнөөдөр: 2024-03-29

Хятадад осолдсон онгоцны хар хайрцгийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хятадын өмнөд нутгийн Гуанси-Жуаны өөртөө засах оронд даваа гарагт осолдсон зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцгуудыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын төлөөлөгч мэдээлжээ.

“Нисэх онгоц ноцтой эвдэрч сүйдсэн учраас мөрдөн шалгах ажиллагааг явуулахад туйлын хүндрэлтэй байна” гэж Иргэний нисэхийн удирдах газрын нисэхийн аюулгүй байдлын албаны дарга Жу Тао хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, аврагчид ослын газарт эрэл хайгуул хийж, хар хайрцагнуудыг олоход бүхий л хүчин чармайлтаа дайчилж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны баг холбогдох дүрэм журмын дагуу хяналт шалгалт хийж байгаа ажээ.

Мэргэжилтнүүд мөн нислэг, засвар үйлчилгээ, агаарын хөдөлгөөний удирдлага, цаг уур, нисэх онгоцны загвар, үйлдвэрлэл зэрэг бусад асуудлуудыг сайтар судалж байна. Одоогоор ослын шалтгааныг тогтоох баримт нотолгоо олдоогүй байна гэдгийг Жу Тао онцолжээ.