Өнөөдөр: 2024-03-29

Уилл Смит 10 жилийн хугацаанд Оскарын арга хэмжээнд оролцох эрхгүй боллоо

Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Холливүүдийн од Уилл Смит эхнэрийнх нь эрүүл мэндийн талаар хошигносон комедиан Крис Рокийг тайзан дээр алгадсан нь томоохон дуулиан болсон билээ. Тэгвэл Баасан гарагт Америкийн Кино Урлагийн Академийн удирдах зөвлөл нэрт жүжигчний Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцох эрхийг 10 жилээр хасах шийдвэр гаргажээ.

“94 дэх удаагийн Оскарын ёслол өнгөрсөн нэг жилийн хугацаанд гайхамшигтай уран бүтээл туурвисан манай салбарын олон хүний баяр болсон билээ. Гэвч энэ баяр маань ноён Смитийн тайзан дээр бидэнд үзүүлсэн байж боломгүй, хор уршигтай үйлдлийн сүүдэрт дарагдсан юм” гэж удирдах зөвлөлийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Жүжигчин Уилл Смит “Академийн гаргасан шийдвэрийг би хүндэлж, хүлээн зөвшөөрч байна” гэж хариу мэдэгджээ. Ингэснээр Смит нь Оскарын шагналын ёслолоос гадна Академийн зүгээс зохион байгуулах бусад бүх арга хэмжээ, хөтөлбөрт биечлэн болон виртуалаар оролцох эрхээ 10 жилээр хасуулж байгаа юм.