Монгол улс нь нэг хүнд ноогдох хуванцар хаягдлаар дэлхийд 9-р байрт жагсаж байгаа нь хог хаягдлын байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг нэн даруй бууруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Тэгвэл Европын холбооны SWITCH ASIA-II хөтөлбөрөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлыг дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг хэрэгжүүлэгч “Тогтвортой хөгжлийн гүүр” ТББ-аас санаачлан Баянзүрх дүүргийн тамгын газартай хамтран “ЭКО БАЯНЗҮРХ” ӨДӨРЛӨГИЙГ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Агаар, орчны бохирдол, хог хаягдлын менежментийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй эко шийдлүүдийг танилцуулах, хэрэглээнд шууд нэвтрүүлэх зорилготой бөгөөд орчны бохирдлыг бууруулах, байгалийн нөөц хэмнэхэд иргэн, байгууллага, ААН-үүдийн хог хаягдлаа ангилан ялгах үйл ажиллагааг идэвхжүүлэх, агаар хөрсөнд хаягдах хог хаягдлыг хамгийн бага түвшинд хүргэх боломжийн талаар олон нийтийн мэдлэгийг нэмэх, оролцоог идэвхжүүлснээрээ онцлогтой боллоо.
Өдөрлөгт Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Ногоон зээлийн санхүүжилт олгогч байгууллагууд, Таван толгой түлш ХХК, Таван толгой түлш ХХК-ны Баянзүрх дэх Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Био ариун цэврийн байгууламж үйлдвэрлэгч ААНБ, Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП төсөл, Байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах Дулаан шийдэл төсөл, Хуванцар дахин боловсруулах ААН/үйлдвэрүүд, хоёрдогч түүхий эдээр хөгжмийн зэмсэг бүтээснийг Монгол улсын гавьяат багш С.Жамьянхорол, Авьяаслаг Монголчууд тэмцээний финалист Б.Дуулал нар сонирхуулж, Зүймэл даавуун урлал- өөдөс даавуу торгыг ашиглан ахуйн хэрэгцээт зүйлс, хувцас эдлэл, загвар бүтээхүйг, Борду ХХК- эко хүнсний савлагаанууд, Эс И Эс Эл Смарт Солюшнс -хуванцар дахин боловсруулдаг үйлдвэр , Спек Материалс ХХК -Аргал, хуучин хувцсаар хийсэн цаас үйлдвэрлэл, Ногоонли ХХК-ийн эко хулсан бүтээгдэхүүнүүд, Эндийгийн прокат зэрэг байгальд ээлтэй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцов.
Монгол улс дахь Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд хамрагдсан төлөөллүүдээс жишиг практикийг нэвтрүүлсэн Уудам Монгол сургууль, Дотоод Хэргийн Их Сургуулийн-Экологийн Аюулгүй байдал судлалын клуб, уран бүтээлч Ц.Нямдулам, хог хаягдлынд 5R зарчмыг хэрэгжүүлэгч өрхийг төлөөлөн Ц.Даваадулам, Алтайн Бараа СӨХ-ийн дарга Ш.Нарантуяа, олон нийтийн байцаагч П.Үнэнзаяа нар ололт, амжилт, сорилт бэрхшээлээ олон нийтэд хуваалцаж байгальд ээлтэй, хог хаягдалгүй эерэг нийгмийг бүтээхийг иргэдэд уриалан хүргэсэн юм.
Бидний өдөр тутмын хэрэглээ, үүнээс үүдэлтэй хог хаягдал тасралтгүй өсөн нэмэгдэж хүрээлэн буй орчинд, нийгмийн эрүүл мэнд, эдийн засагт улам илүү сөргөөр нөлөөлж буй өнөөгийн нөхцөлд хог гэж бодсон бүхэн хог биш бөгөөд хариуцлагатай, бүтээлч, ухаалаг хандлагаар хэмнэлттэй, байгальд ээлтэй хэрэглээг бий болгож болохыг олон нийтэд уриалж байна.
Сэтгэгдэл үлдээх