БНСУ-ын гадаадад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн хорооноос ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Е9 визээр нэвтрэх иргэдэд шинэ зөвлөмж мэдээллийг гаргажээ. Тодруулбал, гэрээтээр ажиллахаар анх удаа Е9 виз авсан иргэд Өмнөд Солонгосын зөвхөн үйлчилгээний салбарт ажиллах аж. Үйлчилгээний салбаруудын хувьд зочид буудал, амралтын газар, барилга дээр ажиллах боломжтой байна. Ингэхдээ мөн аялал жуулчлалын гол бүс хотуудад ажиллуулах шийдвэр гарчээ. Хөдөлмөрийн гэрээт ажилчдад хамаарах тус шийдвэр 2024 оны дөрөвдүгээр сараас хэрэгжинэ.
БНСУ-ын Элчин Сайдын Яаманд сайн дураар виз мэдүүлж татгалзсан хариу авсан, авч байсан зэрэг иргэдэд “БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ” гэдгийг анхааруулж, сануулсаар байхад бүртгэл хийлгэдэг байдлыг таслан зогсоохыг шаарджээ. Учир нь, зарим иргэн энэ байдлаа нуун дарагдуулж, төрийн үйлчилгээг үргэлжлүүлэн авсаар байх, ажлын санал хүлээн авч зөвшөөрсөн хариу өгөх, Цагаачлалын албанаас цахим визийн зөвшөөрөл олгох үед хүндэтгэх шалтгаангүйгээр хойшлуулах, эсвэл ар гэр, эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудлаар өөрийн хүсэлтээр татгалзах, ажил олгогчоос сонгосон ажилтандаа итгэл үзүүлэн хүлээн авах тов ирүүлэх, цаашилбал хил нэвтрэхийн өмнөх БНСУ-ын Цагаачлалын албаны хяналт шалгалтад “татгалзсан” хариу хүлээн авах, Монгол Улсад олгох квот жил ирэх тусам буурах зэрэг эрсдэлийг дагуулсаар буй аж.
Үүнээс шалтгаалан тухайн улсын ажил олгогч цаг хугацаа алдах, ажиллах хүчний дутагдалд орох, үйлдвэрлэл зогсох, санхүүгийн тооцоолоогүй эрсдэлтэй тулгардаг байна.
Сүүлийн гурван жилийн байдлаар 200 иргэн татгалзсан хариу хүлээн авсан статистик гарчээ. БНСУ-д ажиллахаар бүртгүүлэн улмаар эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж элэгний В,С вирустэй, тэмбүү, сүрьеэ өвчин илэрсэн, эмчлүүлсэн ч бүрэн эдгэрээгүй эмчийн хяналтад байгаа иргэн мөн явахын өмнө тухайн иргэнээс шинэ халдвар дахин илрэх, эмчлүүлэн эдгэрсэн ч БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон үзүүлэлтийг хангаж чадаагүй тохиолдолд “ШУУД ХАСАХ“ хүртэл арга хэмжээг илгээгч байгууллагын зүгээс Эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.
Тиймээс 2024 онд Монгол Улсад зохион байгуулах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим бүртгэлд дээрх шаардлагад нийцээгүй иргэд бүртгүүлэхгүй байхыг ХХҮЕГ-аас онцгойлон анхаарууллаа.