"The New York Times" Монголын циркчдийн нөхцөл байдлын талаарх сэдвийг хөнджээ.
"Монголын циркийн сургууль үйлдвэрийн хөргөгч шиг хүйтэн. Энэ барилга нь нэгэн цагт сүр жавхлантай барилга байсан ч одоо хагарсан хана, хөгцөрсөн тааз, олон арван жилийн тамхины утааны хуучирсан үнэр нь тус газрын модон хүрээгээр нэвчиж, одоо нурах дөхөж байна.
Энд бэлтгэл хийж буй акробатчид эргэн тойрны орчныг үл тоомсорлож, агаарт үсрэх, эргүүлэх дасгал хийж, газардахдаа тоос бургиулж, багшийнхаа хашгирахыг тэвчдэг. Гадаа, шороон замд нэг нь 11, нөгөө нь 13 настай бариу өмд өмссөн охид шалбааг усанд хөлийнхөө үзүүрээр гүйж, уран нугаралтын хамгийн төвөгтэй бөгөөд аюултай позуудын нэг болох Маринелли нугаралтыг хийж байна. Үүний тулд тэд төмөр тулгуурт бэхлэгдсэн арьс ширийг хазаж, эрүүгээ ашиглан биеэ өргөдөг. Тэд өгзөг нь хүзүүнийх нь ар тал руу хүрч, хөл нь хилэнцэт хорхойн сүүл шиг нүүрнийхээ өмнө сунах хүртэл хойшоо бөхийлгөх хүчтэй байх ёстой.
Энэ мэт монгол залуусын ур чадвар, шаргуу байдал нь яагаад Монгол Улс "Cirque du Soleil", "Ringling Brothers" зэрэг алдартай циркүүдэд дэлхийн хамгийн эрэлттэй циркийн жүжигчдийг төрүүлдэг болохыг тайлбарлахад тусалж байна. Энэ нь хэдийгээр төрөөс дэмжлэг үзүүлэхгүй, бэлтгэл сургуулилтад тохирсон тоног төхөөрөмж дутмаг байгаа ч гэсэн. 83 жилийн түүхтэй Монголын циркийн сургуулийн барилга нь мэргэжлийн хүмүүс, оюутнууд үргэлжлүүлэн бэлтгэл сургуулилт хийх боломжтой цөөхөн газрын нэг юм.
“Бидний циркчид дэлхийн өнцөг булан бүрт эрэлттэй байгаа ч эх орондоо бэлтгэл сургуулилтаа ч хийж чадахгүй байна” гэж акробатчин, циркийн захирал асан Юндэнгийн Гэрэлбаатар хэлэхдээ, "Одоогийн байдлаар Хойд Америк, Европт 1300 гаруй монгол жүжигчид ажиллаж байгаа гэсэн тооцоо бий. Монгол Улс цирктэй байсан ч Монголын нэрт сумо бөхөд циркээ худалдаж, улмаар нураасан" хэмээн учирлаж байлаа.