ХБНГУ-д ачаа тээврийн болон зорчигч тээврийн галт тэрэгний жолооч нар гурван өдрийн ажил хаялт зарласнаас үүдэн улс даяар төмөр замын үйлчилгээ тасалджээ. Үүний зэрэгцээ тариаланчид төрөөс үзүүлдэг татаасыг цуцлах, багасгах шийдвэрийг эсэргүүцэн замуудыг хаасан хэвээр байна. Үндэсний төмөр замын оператор болох "Deutsche Bahn"-ийн мэдээлснээр, холын чиглэлийн галт тэрэгнүүдийн 80 орчим хувь нь зогсоод байна. Түүнчлэн бүс нутгийн тээвэр саатаад байгаа ажээ. Галт тэрэгний жолооч нарын үйлдвэрчний эвлэлээс цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын цагийг богиносгож, долоо хоногт 38 цаг байсныг 35 цаг болгохыг шаардаж байгаа юм. Харин "Deutsche Bahn" эдгээр шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж мэдэгджээ. Ажил хаялтын улмаас сая сая зорчигч төлөвлөсөн аяллаа цуцлах эсвэл зорьсон газраа хүрэхийн өөр арга зам хайхаас аргагүйд хүрээд байна. Ажил хаялт нэгдүгээр сарын 10-ны лхагва гарагт эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 12-ны баасан гарагт орон нутгийн цагаар 18:00 цагт дуусна. Энэ хугацаанд Германд онцгой нөхцөл байдлын үеийн галт тэрэгний түр цагийн хуваарь үйлчилнэ. Галт тэрэгний машинистуудын ажил хаялт нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш үргэлжилж буй Германы тариаланчдын эсэргүүцлийн жагсаалтай давхцаж байгаа юм. Даваа гаргаас эхлэн тариаланчид зарим хурдны зам руу орох хэсгийг трактороороо хааж, хот суурин газруудад жагсаал зохион байгуулж байгаа тул замын хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учирчээ. Тариаланчид засгийн газартай хэдэн долоо хоногийн турш хэлэлцээ хийж байгаа юм. Өнгөрсөн оны сүүлчээр Германы Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулахад чиглэсэн хэд хэдэн хатуу арга хэмжээ авчээ. Тус улсын Үндсэн хуулийн цэц улсын төсвийг хуульд нийцээгүй гэж үзсэн тул Засгийн газар хэлэлцээ хийхээс аргагүйд хүрчээ. Эрх баригчид дизель түлшний татаасыг цуцлах, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн тоног төхөөрөмжийг тээврийн татвараас чөлөөлөх хөнгөлөлтийг цуцлах зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж байсан юм. Тариаланчдын эсэргүүцлийн улмаас засгийн газар эдгээр арга хэмжээг зөөлрүүлэх, тухайлбал татаасыг үе шаттайгаар цуцалж, тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлтийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч тариаланчид татаасыг цуцлах шийдвэрээ бүрмөсөн хүчингүй болгохыг шаардсаар байгаа юм.