Утаа гаргах нэг ч болтугай янданг цөөлье гэсэндээ цахилгаан халаагуур луу шилжиж, гэр байшингаа халаах гэр бүлүүд цөөнгүй олон. Нүүрс түлэх ажлыг хөнгөвчлөхийн хажуугаар ариун цэврийн хувьд ч энэ шийдэл нь иргэдийн сэтгэлд нийцээд байсан юм. Засгийн газрын хувьд ч цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжиж “Шөнийн тарифын хөнгөлөлт”-ийг хэрэгжүүлээд байгаа билээ.
Гэвч Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний үндэсний хороо өнгөрөгч арван нэгдүгээр сарын 15-нд эрчим хүчний тарифыг 35-131 төгрөгөөр шаталсан байдлаар нэмсэн нь иргэдийн санхүүд томоохон хүндрэл учруулаад байна.
- Кэйс #1 - Ахмад настан А -
Ахмад настан А нь ганцаараа ач зээгээ харан амьдардаг бөгөөд тэрбээр сард 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэтэл түүний арван нэгдүгээр сарын тогны мөнгө 635 мянган төгрөг гарчээ. "15 мянган төгрөгөөр яаж нэг сар амьдрах билээ. Утааг багасгана гээд цахилгаан зуух авчихсан нь буруудлаа" хэмээн тэрбээр ярих аж.
- Кэйс #2 - Б-ын гэр бүл -
Б-ынх ам бүл тавуулаа. Эхнэр нь бага насны хүүхдүүдээ харж, өдөртөө гэртээ өнждөг. Б-ын хувьд уурхайд ажилладаг бөгөөд түүнийг байхгүйд эхнэр нь бага насны гурван хүүхдээ харахын хажуугаас гал түлэх, нүүрс зөөх нь хүндрэлтэй байсан тул тэднийх цахилгаан халаагуур ашиглаж эхэлсэн байна. Гэвч тогны мөнгө нэмэгдсэнээр тэднийх өнгөрсөн сард 500 мянган төгрөгийг төлжээ. Ганц хүн л хөдөлмөр эрхэлж, орлого олдог Б-ын гэр бүлд энэ мөнгө хүнд туссан тул цахилгаан халаагуур ашиглахаа больжээ. Одоо Б-ын гэргий нөхрийгөө ээлжтэй үед дөрвөн настай хүүдээ нэг ойтой охиноо харуулаад, гурван настай удаах хүүгээ дагуулан нүүрсэнд явж, галаа түлж байхаар болсон байна.
Энэ мэтээр эрчим хүчний тарифыг нэмснээс үүдэж цахилгаан халаагуураас татгалзаж буй айлууд олон байна. Сүүлийн өдрүүдэд агаарын бохирдол илт нэмэгдсэний шалтгаан нь ч энэ байж болох юм. Цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжсэнээ эсрэгээрээ хаан боогдуулсан нь Монголын төрийн зөрчилдөөнтэй бодлогын нэгэн жишээ болж, цахилгаан халаагуур авсан иргэд эдийн засгаараа, нийт нийслэлийн иргэд бид эрүүл мэндээрээ хохироод үлдэх нь ээ.