Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы тушаалаар философч С.Молор-Эрдэнийг 5-12 жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж, 30 хоногийн хугацаагаар цагдан хориод буй. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "МАН-ын сайдын тушаалаар таалагдаагүй хүнээ маш хурдтай хорих боломжтойг олж харав. Хэдхэн сарын өмнө МАН Төрийн ордон дотроосоо хэдэн их наядын хулгайг бүгд өөрсдөө нотлох баримттайгаар нь ээлж дараалан зарлаж, нэгнээ барьж өгсөн ч АТГ-т шилжүүлэв гээд л хаагдав. Тэр хурдтай ажилладаг шүүх нь яав, АТГ нь яав. МАН-д элсээгүй хүн Монголд хэн ч биш гэдгийг С.Молор-Эрдэнэ харуулав. МАН-д элсээгүй хүнд төр төмөр нүүрээ хэдхэн цагийн дотор харуулдаг учраас эс хүссэн ч бүгд энэ системийн өмнө мөргөдөг гэдгийг энэ үйл явдал нотлов. С.Молор-Эрдэнээс дутахааргүй бодит нүгэлтэй МАН-ын гишүүд биднийг хараад инээд нь хүрдэг биз.
Биднийг нэг хувь хүн зөв буруу эсэх дээр алалцаж байх хооронд 2027 оны нийтийн төсвөө арван их наядаар нэмж оруулж ирэв. Төртэй ойр байх хүмүүстээ үнэгүй эм, хямдхан зээл, бараг урьдчилгаагүй байр өгнө гэнэ. Чи дуулгавартай, төр, засгаа шүүмжилдэггүй томоотой иргэн байвал өгнө шүү дээ. Бас дарга таньдаг байвал. Ингэж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгууль бодож сэтгэдэг хүмүүсээ сошиал орчинд дүүжилж, чимээгүй айдаст автсан иргэд болон төрөөс хараат массаараа энэ системээ үргэлжлүүлнэ. Урдаа гоё залуус тавьж, нүүрээ угаах ч ул суурь нь мангас гэдгийг ядаж залуучууд нь хараад ойлгоосой. Монголд хууль нь байхгүй учраас ийм байгаа биш. Харин хуулийг хувийн үзэмжээр хэрэгжүүлдэг систем байгаа учраас шударга ёс ярих боломжгүй байна. Үр дагаварт нь төр улам хүчирхэг болно. Монгол Улсын иргэд улам ядуурна, залуус нь улсаасаа дайжна. Ингэж дарангуйлал тогтдог" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх