Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан ном гарчээ

 “Анир чимээгүйг эвдэхүй” Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан урлагийн сэтгэл засал эмчилгээний номыг “Арт терапи буюу Урлагийн сэтгэл заслын төв”-ийн хамт олон сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдэд зориулан зохиогчийн эрхийн дагуу орчуулна гаргажээ. Уг номын урьдчилсан захиалга гуравдугаар сарын нэгнээс эхлэнэ. Нийт зургаан бүлгээс бүрдэх ном нь бүлэг бүртээ судалгаа, нотолгоо, хүүхдүүдийн зурсан зургаас бүтсэн байна.

Бүлгүүдэд:

  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн үнэлгээ болон эмчилгээнд урлагийн сэтгэл заслын гүйцэтгэх үүрэг 
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажиллах нь 
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хийгдэх урлагийн сэтгэл заслын зарим үнэлгээ
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үзүүлэх дүрслэх урлагийн оролцоо ба урлагийн сэтгэл заслын зарим техник
  • Хүүхдийн бэлгийн хүчирхийлэл
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд урлагийн сэтгэл засал эмчилгээний хөтөлбөр боловсруулах зэрэг сэдвүүд тусгагджээ.

Урлагийн сэтгэл заслын төв нь 2018 оны 8 сарын 24-нөөс үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Урлагийн сэтгэл засал нь хүнд үгээр хэлж тайлбарлах, тайлбарлахад бэрхшээлтэй, асуудлыг урлагийн хэрэгслүүдийн тусламжтайгаар илэрхийлж асуудлынхаа мөн чанарыг ойлгох, гарах гарцаа тодорхойлох, чадвараа нэмэгдүүлэх, өөр асуудалд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг аж.  Ямар ч насны хүн хандах боломжтойгоос уур бухимдлын асуудалтай өсвөр насныхан, ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлдэг бага насныхан, анхаарал халамж шаардлагатай ахмад настан, уй гашууг даван туулж буй хүүхэд болон насанд хүрэгч, гэр бүл салалтын үеийг даван туулж буй хүүхдүүд зэрэгт илүү үр дүнтэй. Түүнчлэн хүүхэдтэй ажиллах сэтгэл заслын арга зүй олгох сургалт явуулдаг ажээ.