Өнөөдөр: 2024-03-28

Б.Хулан: Тухайн сургуульдаа явуулах материалдаа анхаарч хүсэлт явуулбал тэтгэлэг авч чадна

Гадаадын их дээд сургуульд тэтгэлэг авахаар зорьж буй залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан бид БНХАУ-ын Shanghai Lixin University of Accounting and Finance-т 100 хувийн тэтгэлэгтэй суралцдаг хоёрдугаар дамжааны оюутан Б.Хуланг урьж ярилцлаа.

Түүний авсан А type-ний тэтгэлэг бол Шанхайн засгийн газрын тэтгэлэг бөгөөд 100 хувь сургалтын төлбөр, дотуур байр үнэгүй, сар болгон spitend /мөнгөн тэтгэлэг/ өгдөг. Энэхүү тэтгэлэг нь дотроо A,B type гэсэн хоёр чиглэлтэй юм.

 “ЕБС төгсөөд MIU дээд сургуульд элсэж, нэг жилийн хугацаанд англи хэлээ маш сайн эзэмшиж чадсан” 

Сайн байна уу? Мөрөөдлөө биелүүлээд сургуульдаа тэнцсэн мөчөөс эхлээд яриагаа эхлүүлье...

Сайн байна уу. Мөрөөдөлдөө хүрэх алхам маань нээгдэж байгаа учраас анх сургуульдаа тэнцсэн гэсэн мэдээг сонсоод үнэхээр их баяртай байсан. Би энэ сургуульд сурснаараа ганц англи хэл биш, хятад хэл сурч байгаа. Цаашдаа хятад хэл, соёлоос сурч мэдсэнээ монголдоо хэрэгжүүлнэ гэж боддог.

Ерөнхий боловсролоо хаана эзэмшсэн бэ?

Би монголдоо улсын ЕБС төгссөн. Ямар сургууль төгснөөс илүү хүн өөрийн хичээл зүтгэл, чадвар, тууштай байдал нь хүнийг ирээдүйн зорилго руу нь хөтөлдөг гэж боддог. Арван жилээ төгсөөд MIU дээд сургуульд элсэж нэг жилийн хугацаанд англи хэлээ маш сайн эзэмшиж чадсан. Тэгээд гадагшаа сурах мөрөөдөлдөө хүрэх анхны алхам нь IELTS-ийн шалгалт байсан. Ингээд л хичээсээр байгаад шалгалтаа өгч сургуульдаа тэнцсэн юм.

Шанхайн их сургуульд хэрхэн тэнцсэн бэ?

MIU дээд сургуульд нэг жил сураад гарсан. Тэгээд шууд IELTS-ийн шалгалтад хоёр сар бэлдсэн. Шалгалтаа өгсний дараа яахаа мэдэхгүй. Ямар ч гэсэн оноогоо авчихсан. Америкийн их сургуулиудад хүсэлт явуулсан чинь нэг сургуулиас нь 70 хувийн тэтгэлэг авсан. Гэвч 30 хувиа төлөөд сурах мөнгөний боломж байгаагүй. Учир нь 30 хувь нь гэхэд төгрөгийн ханшаар 40 сая төгрөг надаас шаардаж байсан учраас татгалзсан. Харин энэ Шанхайн Санхүү, эдийн засгийн сургуульд 100 хувь тэтгэлэг авсан учир сурахаар шийдсэн юм.

“Тэгээд хүсч байгаа мэргэжлээрээ сургуульдаа тэнцэхгүй, цаг алдаад байгаа бол яана... гэдэг зүйлээс эхлээд санаа зовох зүйл бишгүй”

Мэргэжлээ сонгоход юу нөлөөлсөн бэ?

Би бага байхдаа прокурор, хуулийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Хуулийн мэргэжлийг ашигтай талаас нь харвал эрт тэтгэвэрт гарах, өндөр тэтгэвэр авах давуу талтай. Гэхдээ монголд хуультай холбоотой мэргэжил сонгож байгаа хүүхдүүд багагүй учраас тэдэн дундаас өрсөлдөж гарч ирэх хэцүү. Мэдээж хамгийн мундаг нь байж, манлайлж амжилтад хүрнэ. Тийм учраас би хуулчийн мэргэжлийг эдийн засагчаар сольсон.

 Эдийн засагчийн мэргэжил хэзээ ч хуучрахгүй. Ямар ч байгууллагад эдийн засагч, маркетингийн хүн хэрэгтэй.  

Шалгалтдаа бэлдэж байх явцдаа шантарч байсан үе бий юу? Байсан бол яаж давж гарсан бэ?

Шантрах зүйл маш их гарч байсан. Жишээ нь сургуулиа хаячихсан. Нас нэгээр нэмэгдээд байдаг /инээв/. Шалгалтдаа бэлдээд номын санд л өдрийг өнгөрөөдөг болсон. Тэгээд хүсч байгаа мэргэжлээрээ сургуульдаа тэнцэхгүй, хий цаг алдаад байгаа бол яана... гэдэг зүйлээс эхлээд санаа зовох зүйл багагүй.

Тэр үед надтай адилхан сургуульдаа бэлдэж байгаа найзууд маань байсан. Бид бие биенээсээ маш их урам зориг авдаг байсан шүү. Хамтдаа speaking club-д явж, нэг нэгэндээ урмын үг харамгүй хэлдэг. Тэр урмын үгнээс тууштай байх, бууж өгөхгүй байхыг сурч, өөрт ирсэн дарамт шахалтыг давж гарч чадсан. Одоо тэд маань бүгд өөр өөрсдийн хүссэн сургуульдаа тэнцэж, гадаадад сурч байгаа.

Цаг хугацаанаас илүү тухайн сургууль руугаа явуулах материал дээрээ анхаарч хүсэлт явуулбал тэтгэлэг авч чадна

Сургуулиасаа гарах шийдвэр гаргахад гэр бүл нь юу гэж хүлээж авсан бэ?

Манай ээж намайг үргэлж дэмждэг. Үргэлж миний сонголтыг хүндэлдэг. Чи сонирхолтой байгаа бол хий гэж хэлдэг. Дургүйд хүчгүй гэдэг цэцэн үг байдаг даа. Хэрвээ ээж минь намайг эмч бол гэсэн бол би хими, физикт сулхан учир хэзээ ч олигтой эмч болж чадахгүй шүү дээ. Намайг хуульч болно гэж ярьдаг байхад ээж чи хүсч байгаа бол чи чадна гэдэг байсан. Санхүү, эдийн засгаар сурлаа гэхэд чи сонирхож, математикийг давж чадаж л байгаа бол болоо гэж хэлсэн.

Цаг мөч бүхэнд хамт байж, үргэлж ээжийнхээ дэмжлэгийг авдаг болохоор өдий зэрэгтээ яваа хүн л дээ би.

Гадаадад явж сурах зорилготой залуус олон болсон. Тэр залууст өөрийнхөө туршлагаас хуваалцаач.

Үнэхээр гадаад оронд явах зорилготой байгаа бол шаардлагатай шалгалтыг нь өгөх хэрэгтэй. Тухайн сурах гэж байгаа орныхоо хэлний мэдлэггүйгээр, шалгалтгүйгээр хэзээ ч явж чадахгүй. Тэтгэлэг авахыг хүсч байгаа бол эхлээд шалгалтдаа бэлдсэн  нь дээр. Шалгалтын оноо өндөр байх хэрэгтэй. Шалгалтын онооноос гадна хувь хүнийхээ тухай /personal statement/ бичих эсээ маш чухал. Эсээгээ бусдаас онцгой бичиж чадвал давуу тал болдог. Цаг хугацаа хэр өнгөрөх нь хамаагүй. Өөрийнхөө тухай хамгийн сайн чанартай материал бүрдүүлэх юм бол тэтгэлэг авч чадах юм байна гэж ойлгосон. Цаг хугацаа хамаагүй юм шиг санагдсан. Хэрвээ би IELTS-т хоёр сараас илүү бэлдсэн бол одоо авсан онооноосоо илүү оноо авах байсан. Нэг жил алдчихсан байсан болохоор яарсан. Цаг хугацаанаас илүү тухайн сургууль руугаа явуулах материал дээрээ анхаарч хүсэлт явуулбал тэтгэлэг авч чадна.

Эсээгээ бичихийн тулд юуг илүүтэй анхаарах вэ?

Сайн эсээ бичихийн тулд сар гаруй хугацааг зарцуулсан. Бусдаас онгой зүйл бичих хэрэгтэй. Жишээлбэл, өөр маш олон сургууль байхад би яагаад энэ сургуулийг сонгосон бэ, би ирээдүйд хэн болох вэ, ирээдүйд энэ сургуулиас олж авсан мэдлэгээ яаж буцааж зарцуулах вэ гэх мэт тухайн сургуулийнхаа давуу талыг бичих хэрэгтэй. Мөн би ирээдүйд энэ сургуулийн ямар сайн бүтээгдэхүүн болох талаараа бичвэл давуу тал болно. Миний хувьд Shanghai Lixin University of Accounting and Finance сургуульд тэтгэлэг авахад бичсэн эсээ минь бухал нөлөө үзүүлсэн гэж боддог. Шалгалтын өндөр онооноос илүү бичсэн эсээг нь голчлон хардаг. Who you are? гэдгийг эсээндээ тодотгож өгөх хэрэгтэй. Бусдаас онцгой байхын тулд ишлэл хэрэглэвэл үр дүнтэй байдгийг зөвлөе.

“Гүйцээж чадаагүй мөрөөдлөө гүйцээхээр Америк, европын орнууд руу явна”

Та цаашдын зорилгоо тодорхойлсон уу?

Мэдээж сургуулиа төгсчихөөд хятадад нэг жил ажиллаж үзэхээр төлөвлөсөн. Тэгээд гүйцээж чадаагүй мөрөөдлөө гүйцээхээр Америк, европын орнууд руу явна.

Тэтгэлэг авахаар зорьж байгаа залуучуудад хэлэх үг...

Миний урдаа барьдаг үг бол “keep moving forward” гэдэг үг бий. Хэзээ ч бууж өгөхгүй, тууштай цаг алдсан ч хамаагүй. Хүмүүсийг ажиглаад байхад нас явчихлаа. Гучин нас хүрэхээр л хүүхэд гаргах хугацаа оройтлоо гэдэг. Тэр бол утгагүй. Цаг алдана гэж байхгүй. Зорилгоо биелүүлж л байвал арван жил шалгалтдаа бэлдсэн ч хамаагүй. Тууштай байж чадах юм бол зорилгодоо хүрнэ гэж боддог.

Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Qywefw

buy atorvastatin 40mg sale <a href="https://lipiws.top/">oral atorvastatin 40mg</a> order lipitor 10mg