Айрагтай Архангайн нутгаар аялах арван газар

Бидний олонх зуны улирлыг хүлээдэг гэхэд хилсдэхгүй. Наранд биеэ шарах, хангалттай усанд сэлэх, олон сарын стресс ядаргаагаа тайлах гээд энэ улиралд таатай зүйл дэндүү олон. Энэ зун хаашаа аялах вэ? гэсэн асуултад Архангай аймаг заавал багтдаг болов уу. Тус аймаг нь байгалийн гоёмсог тогтоцтой амарч зугаалахад таатай, цагаан идээ элбэгтэй нутаг гэдгээрээ алдартай. Ингээд Архангай аймгаар зочлохдоо очиж болох газруудыг хүргэе.

  1. Билгэ хааны цогцолбор


Элтерэс хааны хүү Билгэ бол Түрэг улсын сүүлчийн хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан юм. Түүний дүү Культегин нь ухаалаг, авъяаслаг цэргийн жанжин байгаад 731 онд 49 насандаа таалал төгсчээ. Культегин ах Билгэг хаан ширээнд суухад тууштай дэмжиж түүний төлөө хүчин зүтгэсэн түүхтэй. Билгэ хаан дүүгийнхээ дурсгалд зориулан тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 оны 8 дугаар сарын 1-нд босгуулжээ. Тус цогцолбор Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Билгэ хааны онгон цогцолбор нь Культегин жанжны дурсгалаас урагш 1 км орчим зайд байдаг.

2.Хар балгас


        Эртний Уйгарын хаант улсын нийслэл Ордубалык буюу Харбалгас хотын туурь нь Архангай аймгийн  Хотонт  сумын төвөөс зүүн урагш 25 орчим км зайд оршдог.  Уйгар  улсын  хаан Пело нь Хар балгас хотыг  751 онд  Хан балык  /Орду балык/  нэртэйгээр   үүсгэн  байгуулжээ.  Эл хот нь 50 км хавтгай дөрвөлжин талбай эзэлсэн, 412х491 метр хэмжээтэй хааны хэрэмт ордонтой маш том хот байжээ. Харбалгас хотын цайзат хэрэм, түүний хана туурга нь он цагийн уртад нэлээд нурсан боловч одоо цайз нь 12 метр орчим, хэрмийн төв хэсэгт байрлах харуулын цонж нь 14 метр орчим өндөр байна. Цайзат хэрмийн хойд болон урд талаар тусгай жижиг шороон цонжууд байсан бөгөөд хойд талын цонжууд нурж, урд талд 5 ширхэг үлджээ. Тус түүхэн дурсгал нь Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхон, Жирмэнтэй хоёр голын бэлчирт байдаг.

3.Тайхар  чулуу


Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших бөгөөд 16 метр өндөр эгц бүдүүн ширхэгт боржин чулуун цохио юм. Энэхүү гайхалтай чулууг бий болсон талаар олон домог бий. Тайхар чулуун дээр олон мянган жилийн түүхийг харуулсан сүг зураг, овог аймгуудын тамга тэмдэг, янз бүрийн хэлний бичээсүүд бий.

4.Булган уул 


Булган уулын байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Архангай аймгийн төвийн хойморт залрах үзэсгэлэнт уул бөгөөд Хангайн нурууны баруун хойш салбарласан усны хагалбар уулс, хоёр Тамирын голын дунд оршино.

5.Тамирын гол

Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².
Хойд Тамир дээд хэсгээрээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд Тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм.

6.Суварга хайрхан уул


Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн. Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм.

7.Тэрхийн цагаан нуур


Хорго уулаас баруун тийшээ далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт оршино. Тэрхийн цагаан нуур нь 16 километр урт, 6 километр өргөн, 61 ам километр талбайтай 20 метр гvн цэнгэг устай урсгал нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг бөгөөд хар галуу ихээр цуглардаг байна.

8.Хоргын тогоо

Хорго нь Архангай аймгийн нутагт орших унтарсан галт уул юм. Одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм. Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зvvн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ.

9.Чулуутын гол

Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ. Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ.

10.Цэнхэрийн халуун рашаан

Хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулдаг шүлтлэг рашаан бөгөөд эрт дээр үеэс тус рашааныг эмчилгээнд ашиглаж байсан ул мөр ойр орчмоос нь олддог байна. Хуян хөөрөх, мэдрэлийн судас үрэвсэх, булчин чангарах өвчин, үе мөчний өвчин, үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэлд тустайгаас гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, цагаан мах эргэхийг зогсоох, цус багадалтыг хэвийн болгох, эмчилгээний дараах дархлааг сайжруулах, ядаргаа тайлах, ядаргаанаас үүдэлтэй арьсны эмгэгийг засах, ил шарх сорвийг арилгах, чихрийн шижин өвчинг засахад эерэг нөлөөтэй ажээ. Бага тунгаар уух, рашаанд тодорхой хугацаагаар орж гам барих аргуудаар эмчилдэг байна. Цэнхэрийн халуун рашаан байгаа тус бүс нутаг нь Хангайн нурууны салбар уулсад хамаарах ба ойр орчинд нь Борт тал, Гялгар, Цагаан сүм гэх мэт халуун рашааны ундаргууд бий. Цэнхэрийн халуун рашаан нь Архангай аймгийн Цэнхэр сумын төвөөсөө баруун урагшаа 16 км зайтай, оршино.

Сэтгэгдэл үлдээх