Улсын онцгой комиссоос гаргасан чиглэлийн хүрээнд өнгөрсөн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг танилцуулах үеэр гадаадаас иргэдээ татан авах ажлын талаар тодрууллаа.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Засгийн газар, УОК-ын ээлжит хурлаар гадаад улсаас иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд дараах дөрвөн шийдвэр гарлаа.
Нэгдүгээрт, Гадаадаас ирж буй иргэдийн тусгаарлах хоногийг бууруулах,
Хоёрдугаарт, Тусгай үүргийн нислэгийн хуваарийг урьдчилан буюу 3-4 сараар батлах,
Гуравдугаарт, Зочид буудалд тусгаарлах боломжийг нэмж сонголт олгох,
Дөрөвдүгээрт, МИАТ компанийн тийзийн үнийг зохих хүрээнд бууруулах гэсэн шийдвэр гарлаа.
Тусгаарлах хоногийн тоог бууруулах тухайд УОК болон ЭМЯ, ХӨСҮТ-тай зөвлөлдөөд нийт 14 хоног тусгаарлан ажиглах шаардлагыг харгалзан гадаадаас ирсэн бүх иргэдийг 10 хоног тусгаарлаж үлдсэн дөрөв хоногийг гэрт нь тусгаарлан ажиглах шийдвэр гарсан.
Гадаадаас ирэх гэж буй иргэд ирэхээсээ өмнө ПСР шинжилгээнд хамрагдсан байх нийтлэг шаардлага хэвээр үйлчилнэ. Ирсний дараа тусгаарлагдах 10 хоногийн хоёр болон найм дахь өдрүүдэд ПСР шинжилгээ өгнө. Энэ бүх шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд гэрийн ажиглалт руу шилжүүлнэ.
Тусгаарлах хоногийг бууруулахтай холбоотойгоор нислэлийн давтамжийг нэмэгдүүлэх боломж гарч байна. Тийм учраас хоёрдугаар сард нэмэлт дөрвөн нислэг үйлдэхээр төлөвлөлөө. Энэ нислэгүүдээр ирэх иргэд бүгд арав хоног тусгаарлана.
-Маргааш буюу хоёрдугаар сарын 19-ны өдөр БНСУ-аас иргэдээ авчирна.
-Харин 27-ны өдөр Монгол Улсын хөлбөмбөгийн болон жудогийн шигшээ багийн тамирчдыг гадаадад болох тэмцээнд оролцуулах боломжийг олгох үүднээс Хүннү айр компанийн нислэг хийгдэнэ. Буцахдаа Казахстан Улсын Алматы хотоос 85 иргэнээ авчирна.
-Өнгөрсөн есөн сараас хойш тухайн бүсээс иргэн аваагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж хоёрдугаар сарын 24-ны өдөр Турк улсын Истанбул хот руу нислэг үйлдэнэ. Цөөн тооны иргэдийг Европын улс орнуудаас авна.
-Харин 26-ны өдөр БНСУ-руу дахин нэг нислэг үйлдэнэ. Ингээд хоёрдугаар сард нийт долоон удаагийн нислэг үйлдэхээр боллоо.
Гуравдугаар сарын нислэгийг УОК-т танилцуулж, БНСУ-аас зургаан нислэг, үүнээс хоёр нислэг нь зөвхөн транзит зорчигч авчирна. Японы Токио хотоос гурван удаагийн нислэгээр төгсөж байгаа оюутнуудыг дийлэнхид нь авна. Мөн Европ руу хоёр, Казахстанаас /3-р сарын 5-нд/ нэг нислэг авахаар шийдвэрлэсэн.
Харин дөрөвдүгээр сарын нислэгийг 3-р сарын сүүлчээр УОК-т танилцуулж зөвшөөрөл авна" гэлээ.
-Гадаадад байгаа Монгол иргэд вакцинд хэрхэн хамрагдах вэ?
-Тухайн улсын Засгийн газраас ард иргэдээ /тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ч хамруулж буй/ шат дараатай вакцинжуулж байна. Тэргүүн ээлжинд хамрагдах бүлэг бүр нь улс оронд харилцан адилгүй байна. Ихэнх улс орон 2021 оны хоёрдугаар хагас буюу дөрөвдүгээр улиралд багтаж нийт ард иргэдээ вакцинжуулах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар гадаадын улсын зорилтот бүлэгт багтаж вакцинд хамрагдсан Монгол иргэн цөөнгүй байна.
-Вакцинд хамрагдаад ирсэн иргэнийг тусгаарлах уу?
-Вакцинд хамрагдаж хоёр удаагийн тунгаа хийлгэсэн хүнийг 14 хоног өнгөрөөд дархлаа тогтсоны дараа Монгол Улсын нэвтрүүлнэ. Долоо хоног гэрийн ажиглалтад байлгах журмын төсөл явж байгаа.
-Хэдэн хүн эх орондоо ирэхээ илэрхийлсэн бэ?
-Өнөөдрийн байдлаар өргөдлөө өгч буцахаа илэрхийлсэн 9143 хүн байна. Мэдээж хүндэтгэн үзэх таван шалтгаанаар ангилж байна. Гэхдээ яаралтай буцах хүсэлтэй 2773 иргэн бий. Өнгөрсөн оны гуравдугаар сараас дээрх таван шалгуурыг тавьж эхэлсэн. Гэвч өргөдлөө өгөөд таван шалгуурт орохгүй ч удаан хугацаагаар хүлээж байгаа, үнэхээр санхүүгийн хүндрэлд орсон хүнийг оруулж болно. Үндсэндээ 3,4 сард тусгай үүргийн нислэгийг эрчимжүүлэхээр нөхцөл тавдугаар сараас арай өөр болно.
Сэтгэгдэл үлдээх